Америкийн дуучин, уран бүтээлч Оливер Триг дурсах "Celebration of Life" арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт түүний төрсөн хот болох Калифорни мужийн Санта-Круз хотын Quarry амфитеатрт болж өнгөрлөө. Тэрээр 32 насандаа Рио-де-Жанейро хотод нисдэг тэрэгний ослоор амиа алдсан юм.
Дуучны карьерынхаа туршид баримталж ирсэн абсурд буюу утгагүй, этгээд хэв маягийг илтгэхүйц байдлаар зохион байгуулагдсан энэхүү үдэлтийн ажиллагаанд түүний гэр бүл, найз нөхөд болон хамтран уран бүтээл туурвигчид оролцлоо. Тайзны өмнө дуучны нэрийн хуудас болсон өнгөлөг салхины хамгаалалттай хүрэм, нарны шил, ковбой малгай, богино тайралттай үс засалт бүхий гурван манекен авсан дотор байрлуулсан байв.
Арга хэмжээнд оролцсон хөгжмийн продюсер Дипло болон алдартай инфлюенсер Логан Пол нар үг хэлжээ. Дипло түүнийг өөрийн амьдралдаа таарсан хамгийн дажгүй хүн хэмээн тодорхойлсон бол Логан Пол найзынхаа хошин шогч зан чанарыг дурсан, түүний үс засалтыг шоглоод, Оливер тэнгэрээс биднийг харж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд "маш их сэтгэл дундуур байгаа байх" хэмээн хошигносон байна. Тэрээр Оливерыг үеийнхнийхээ төлөөлөл болсон, хэзээ ч мартагдашгүй уран бүтээлч байсныг онцолжээ.
Талийгаачийн эцэг эх цугласан олонд хандан хэлэхдээ, "Тэр бол хийдэг хүн байсан. Оливер та бүхэнд өөртөө итгэж, буйдангаасаа босч, урлаг бүтээхийг захих байсан биз" хэмээв.
Арга хэмжээнээс олсон бүх орлогыг дуучны гэрээслэлийн дагуу байгуулагдсан "Dr. Oliver Tree’s Extremely Epic Grant for Baby Geniuses" санд хандивласан байна. Оливер Три нь амьд ахуйдаа өөрийн хөрөнгөө гэр бүлдээ бус, шинээр гарч ирж буй уран бүтээлчдэд зориулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Оливер Три нь хөгжим, кино урлаг болон интернет орчин дахь өвөрмөц дүрүүдээрээ танигдсан уран бүтээлч байв. Тэрээр "Ugly Is Beautiful", "Cowboy Tears", "Alone in a Crowd" болон "Love You Madly Hate You Badly" зэрэг дөрвөн цомог гаргажээ.