Алдарт дуучин Оливиа Родриго 9-р сарын 25-ны Баасан гарагт АНУ-ын Коннектикут мужийн Хартфорд хотноо өөрийн “Unraveled Tour” аялан тоглолтын нээлтээ амжилттай хийж, тоглолтод дуулагдсан дуунуудын жагсаалтыг олонд ил болголоо.

Хартфорд хотын PeoplesBank Arena (хуучнаар XL Center) ордонд болсон, тасалбар нь бүрэн зарагдсан тус тоглолтыг Billboard газар дээрээс нь сурвалжилжээ. Дуучин бүсгүй уг ордонд хоёр үдэш дараалан тоглохоор төлөвлөсөн байна. Байгалийн зэрлэг цэцэгсээр чимэглэсэн тайзан дээр тэрээр шинэ “you seem pretty sad for a girl so in love” цомгийнхоо бараг бүх дууг дуулснаас гадна өмнөх “SOUR” болон “GUTS” цомгийн бүтээлүүдээсээ эгшиглүүлжээ.

Хоёр цаг орчим үргэлжилсэн тоглолт “Drop Dead” дуугаар эхэлсэн бөгөөд “Drivers License”, “Deja Vu” зэрэг чартуудыг тэргүүлж байсан хитүүдээ хүргэсэн байна. Гурван бүрэн хэмжээний студийн цомогтой болсон дуучны хувьд хоёр цагийн хугацаанд бүх дуугаа багтаах боломжгүй байсан тул зарим дуу жагсаалтад багтаагүй нь гэнэтийн байж магадгүй юм.

Тухайлбал, 2026 оны шинэ цомгоос нь зөвхөн “What’s Wrong With Me” дуу эхний үдшийн жагсаалтад багтаагүй үлдсэн байна. Уг тоглолтод ковер дуу дуулаагүй ч цомогт ороогүй уран бүтээл болох “Serena Joy”-г сонирхуулжээ. Түүнчлэн “The Cure” дуу тоглолтын онцлох мөч байсан бол “Expectations” дуугаар тоглолтоо өндөрлүүлсэн байна.