Олимпын аварга, Ирландын гимнастикч Рис МакКленаган их спортдоо эргэн ирснийхээ дараа дахин нэг бүтэлгүйтэлтэй нүүр туллаа. Роттердам хотод болж буй 2026 оны Спортын гимнастикийн ДАШТ-ий модон морины дасгалын төрөлд тэрбээр шигшээ наймд багтаж чадаагүй байна.
Өдгөө 27 настай тамирчин урьдчилсан шатанд 14.400 оноо авсан бөгөөд энэ нь шигшээ шатанд шалгарахад хангалтгүй байв. Тэрбээр Парисын олимпоос алтан медаль авахдаа 15.533 оноо, харин 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ 15.300 оноо авч байсантай харьцуулахад энэ удаагийн үзүүлэлт нь хамаагүй доогуур байжээ. Ингэснээр тэрбээр шигшээ шатны хоёрдугаар нөөц тамирчнаар жагссан байна.
Тэмцээний дараа МакКленаган өөрийн Instagram хуудсандаа сэтгэгдлээ хуваалцахдаа: "Шүүлтийн субъектив байдлаас хамаарлаа. Намайг шилдэг нь гэдэгт хэн ч эргэлзэхээргүй тийм түвшинд хүрэх хэрэгтэй байна. Энэ удаагийн ДАШТ-д би хангалттай сайн хийсэн гэж бодсон ч сайжруулах зүйлс байгаа нь тодорхой байна" хэмээн бичжээ.
Бэртлийн дараах хүндхэн эргэн ирэлт
BBC Sport сувгийн сэтгүүлч Лорен МакКанны мэдээлснээр, МакКленаган мөрний мэс заслын улмаас 2025 оныг бүхэлд нь өнжсөн юм. Тэрбээр бэртлээс эргэн ирснийхээ дараа 7-р сард болсон Хамтын нөхөрлөлийн наадамд зургаадугаар байр, 8-р сард Загреб хотод болсон Европын АШТ-д долдугаар байр эзэлсэн билээ.
Парисын олимпод Ирландын гимнастикийн түүхэн дэх анхны алтан медалийг авчирч, 2022 болон 2023 оны дэлхийн аварга, Европын гурван удаагийн аварга болж байсан түүний хувьд формдоо бүрэн орохын тулд цаашид улам хичээх шаардлагатай болоод байна.