АНУ-ын шилдэг ойрын зайн гүйгч Мелисса Жефферсон-Вүүден хөнгөн атлетикийн оргилд хүрэх замнал нь амар байгаагүй бөгөөд карьертаа хийсэн хамгийн чухал эргэлтийнхээ тухай “Hurdle” подкастод ярьжээ. Тэрбээр 2023 оны хүнд улирлын дараа Флорида руу шилжиж, дасгалжуулагчаа сольсон нь түүний амжилтад гол түлхэц болсон байна.

Дарамтыг даван туулсан эхлэл

Жефферсон-Вүүден 2022 онд 12-р байраар эрэмбэлэгдэж байсан ч NCAA-ийн танхимын 60 метрийн зайд түрүүлж олны анхаарлыг татаж байв. Улмаар гадаа талбайн 100 метрийн USATF тэмцээнд түрүүлж, мэргэжлийн тамирчин болох замаа зассан юм. Тэр жилдээ ДАШТ-ий 4х100 метрийн буухиа уралдаанд алтан медаль хүртэж байжээ. Гэвч 2023 он түүний хувьд төлөвлөснөөр болсонгүй. 2022 онд 10.82 секунд гүйж байсан тэрбээр 2023 онд 11 секундийн босгыг давж чадалгүй, АНУ-ын аваргын тэмцээнд тавдугаар байр эзлэн ганцаарчилсан төрөлд эрхээ авч чадаагүй байна.

Флорида руу хийсэн зоригтой алхам

Энэхүү уналтын дараа тэрбээр Coastal Carolina-г орхиж, Флорида дахь дасгалжуулагч Деннис Митчеллийн Star Athletics багт нэгджээ. Тус багт нэгдсэнээр Ша'Карри Ричардсон зэрэг шилдэг тамирчидтай хамт бэлтгэл хийх болсон байна. Тэрбээр тус багийн бэлтгэлийг бие махбод болон сэтгэл зүйн хувьд маш өндөр шалгууртай байдаг хэмээн онцолжээ.

Шинэ багт орсон ч эхлэл хүнд байж, 2024 оны эхээр шагайн орчимдоо ясны цууралт авсны улмаас хоёр сар орчим бэлтгэл хийж чадаагүй байна. Гэсэн хэдий ч тэрбээр АНУ-ын олимпын сорилго тэмцээнд Ричардсоны ард хоёрдугаарт барианд орон Парис-2024 олимпын эрхээ авчээ.

Парисын олимпын наадамд Жефферсон-Вүүден эмэгтэйчүүдийн 100 метрийн зайд Жулиен Альфред болон Ша'Карри Ричардсон нарын ард орж хүрэл медаль хүртсэн бол буухиа уралдаанаас алтан медаль хүртсэн юм. Тэрбээр “2024 онд туулж өнгөрүүлсэн бүхнээ харахад миний авсан хүрэл медаль миний нүдээр бол алтан медаль байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.