Олон улсын валютын сан (ОУВС) Сальвадор улсын эдийн засгийн өсөлтийг сайшаасан хэдий ч тус улсын хэрэгжүүлж буй биткойны туршилтыг шүүмжилсээр байна. Баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ ОУВС Төв Америкийн энэ улсад 139 сая ам.долларын санхүүжилт олгохыг баталснаа зарласан бөгөөд үүний зэрэгцээ тус улсын биткойнтой холбоотой үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулахыг зорьж буйгаа илэрхийлжээ.

Сальвадор улс 2021 онд биткойныг төлбөрийн албан ёсны хэрэгсэл болгон зарласан нь ОУВС болон бусад томоохон байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Тухайн үед тус улс ОУВС-тай хөгжлийн зээлийн талаар хэлэлцээ хийж байв. ОУВС-гаас Сальвадорын эдийн засгийн идэвхжил хүлээлтээс давж, аюулгүй байдал болон хөрөнгө оруулагчдын итгэл тасралтгүй сайжирч, макро эдийн засгийн тэнцвэргүй байдал шийдэгдэж байгааг онцолсон байна.

Гэсэн хэдий ч зарим шалгуур үзүүлэлтүүд, тэр дундаа биткойн хуримтлуулах тал дээр тавигдсан шаардлага хангагдаагүй болохыг тус сан дурджээ. Залруулах арга хэмжээ болон шинэчлэгдсэн амлалтад үндэслэн тухайн шалгуурт хөнгөлөлт үзүүлсэн гэж мэдэгдэв. Түүнчлэн Сальвадорын засгийн газрын биткойнтой холбоотой оролцоо хумигдаж байгаа бөгөөд баримтжуулсан хандиваас өөрөөр цаашид нэмж биткойн хуримтлуулах төлөвлөгөө тусгагдаагүй гэж ОУВС мэдээллээ.

Сальвадорын ерөнхийлөгч Найб Букеле 2022 онд өдөрт нэг биткойн худалдан авна гэж мэдэгдэж байсан ч санхүүжилт нь хаанаас гарч байгаа, эсвэл үнэхээр худалдаж авч байсан эсэх нь тодорхойгүй байсан юм. Харин ОУВС-гийн зүгээс есдүгээр сард мэдээлэхдээ Сальвадор улс дор хаяж хэсэг хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр биткойн худалдаж аваагүй, харин хувийн хандиваар хүлээн авч байсан гэжээ. Нөгөө талд тус улсын Биткойны алба биткойн худалдан авч байгаа гэж удаа дараа мэдэгдэж ирсэн байна.

Энэхүү харилцааны хүрээнд Сальвадор болон ОУВС 12-р сарын сүүлээр 1.4 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд уг сангийн зүгээс Сальвадорыг биткойны стратегийнхаа зарим хэсгийг хумихыг хүссэн юм. Сальвадор 2021 онд иргэддээ биткойн бэлэглэж, дижитал хэтэвч гарган хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байв. Ерөнхийлөгч Букеле 2024 онд иргэд нь биткойныг бараа бүтээгдэхүүн худалдан авахад хүлээгдэж байсан шиг өргөнөөр ашиглахгүй байгааг хүлээн зөвшөөрсөн ч засгийн газар нь биткойн хуримтлуулсаар байгааг бахархан ярьдаг байжээ.