Бүх цаг үеийн хамгийн алдартай хамтлагуудын нэг болох «The Beatles» тарсны дараа хөгжимчин хүн цаашид юу хийх ёстой вэ? Оскарын шагналт найруулагч Морган Невиллийн бүтээсэн «Man on the Run» хэмээх 2026 оны баримтат кино энэ асуултын хариултыг эрэлхийлжээ.
Энэхүү кинонд Пол Маккартни «The Beatles»-ийн гоцлол дуучнаас бие даасан уран бүтээлч, улмаар «Wings» хамтлагийн ахлагч болж шинэ хамтлагаа удирдах хүртэлх амаргүй замын түүхийг өгүүлдэг. Киноны үйл явдал 1968-1980 оны хооронд өрнөх бөгөөд урьд өмнө олон нийтэд дэлгэгдэж байгаагүй архивын дүрс бичлэгүүдийг багтаажээ.
Маккартни анхандаа Шотланд дахь алслагдсан эдлэн дээрээ эхнэр Линда болон өсөн нэмэгдэж буй гэр бүлийнхээ хамт шинэ эрх чөлөөтэйгөө хэрхэн эвлэрэхээ ойлгохгүй байсан тухайгаа хуваалцсан байна. Түүний хэлснээр «The Beatles» хамтлагийг тараах санааг Жон Леннон гаргасан бөгөөд тэр үед дэлхий нийт энэ талаар хараахан мэдээгүй байжээ.
Шүүмжлэл, баривчилгаа ба шинэ эхлэл
Баримтат кинонд Маккартни эргэн Америкийн томоохон цэнгэлдэхүүдэд тоглолт хийх хүртэл туулсан саад бэрхшээлүүдийг нээлттэй тусгажээ. Тухайлбал, түүний бие даасан уран бүтээлүүдэд ирж байсан шүүмжлэгчдийн сөрөг дүгнэлт, Жон Ленноны аллага, Японы шоронд богино хугацаанд хоригдсон явдал болон «The Beatles» хамтлагийг шүүхэд өгөх зоримог шийдвэр зэргийг багтаасан байна.
Мөн тус бүтээлд Стелла болон Мэри Маккартни, Мик Жаггер, Денни Лэйн зэрэг олон эрхмүүд дурсамжаа хуваалцжээ. Харин 1998 онд нас барсан түүний эхнэр Линдагийн түүхийг хуучны архивын дүрс, дуу хоолой болон гэрэл зургаар дамжуулан хүргэсэн байна.
Лос-Анжелес хотын «Academy Museum»-д зохион байгуулагдсан үзвэрийн үеэр Маккартни кино найруулагч Жадд Апатоутай ярилцахдаа тухайн үеийн дурсамжаа сөхжээ. Тэрбээр хамтлаг тарах үеийг «Цорын ганц хийж байсан ажлаасаа халагдсантай адил» байсан хэмээн тодорхойлж, «Wings» хамтлагийг байгуулан хичээж ажилласны эцэст амжилтад хүрсэндээ сэтгэл хангалуун явдгаа илэрхийлсэн байна.
Одоогоор уг баримтат кино нь Amazon Prime стриминг платформ дээр үзэгчдэд хүрээд байна.