Дуучин Принсийн 1984 онд олны хүртээл болсон алдарт "Purple Rain" кино болон түүний дуунууд Бродвейн тайзнаа хөгжимт жүжиг болон гарах гэж байна. Энэхүү төсөл нь 2025 онд Миннеаполис хотод анхны тоглолтоо хийсний дараа 2027 оны хавар Нью-Йорк хотын Majestic Theatre-д албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Тодруулбал, 2027 оны 3-р сарын 12-ноос урьдчилсан тоглолтууд эхэлж, 4-р сарын 12-нд албан ёсны нээлт болох юм.
Тус жүжгийн продюсер Орин Волф энэ талаар тайлбарлахдаа: "Принсийн карьерын бүхий л үйл ажиллагаа маш их театрын шинж чанартай байсан тул киног тайзны бүтээл болгох нь маш байгалийн, зөв алхам юм" хэмээн онцолжээ. Тэрээр өмнө нь "Once", "The Band’s Visit" зэрэг Тони шагналт хөгжимт жүжгүүдийг амилуулж байсан туршлагатай нэгэн юм.
Бүтээлийн багт найруулагч Сахим Али болон Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн "MJ" хөгжимт жүжгийн хөгжмийн найруулагч Жэйсон Майкл Уэбб нар ажиллаж байна. Продюсер Орин Волфын хэлснээр, "Purple Rain" нь зөвхөн дуу, цомог бус, Принсийн өөрийн төсөөллөөс төрсөн түүх бөгөөд 1980-аад оны дунд үеийн Миннеаполис хотын уур амьсгалыг харуулахыг зорьжээ.
Принс амьд ахуйдаа өөрийн бүтээлээ тайзны жүжиг болгох санааг ярилцаж байсан тул түүний өв залгамжлагчид энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нээлттэй хандсан байна. Ийнхүү дэлхийн хэмжээний алдартай энэхүү бүтээл удахгүй Бродвейн тайзнаа үзэгчидтэй уулзахад бэлэн болоод байна.