Холливудын нэрт жүжигчин Райан Гослинг Халловины баяртай давхцуулан өөрийн рок хамтлаг болох Dead Man’s Bones-ийн үйл ажиллагааг сэргээж байгаагаа пүрэв гарагт (10 дугаар сарын 22) мэдэгдлээ. Тэрбээр кино зохиолч, продюсер Зак Шилдстэй хамтран 17 жилийн турш завсарлаад байсан хамтлагийнхаа шинэ бүтээлийг 10 дугаар сарын 27-нд гаргахаар төлөвлөж буйгаа Instagram хуудсаараа дамжуулан зарласан байна.
Тэдний 2009 онд гаргаж байсан анхны цомгийн аймшгийн өнгө аясыг хадгалсан богино хэмжээний тизер бичлэг нийтлэгдсэн бөгөөд уг бичлэгийг Гослингийн эхнэр, жүжигчин Ева Мендес мөн өөрийн хуудсаараа хуваалцжээ. Мендес өмнө нь тус хамтлагийн “In the Room Where You Sleep” дуу болон Гослингийн дуулсан хэсэгтэй бичлэгүүдийг нийтлэн хүлээлт үүсгээд байсан юм.
Райан Гослинг өмнө нь *Lars and the Real Girl*, *Blue Valentine*, *La La Land*, *Song to Song* зэрэг кинонуудад дуулах ур чадвараа харуулж байсан бөгөөд хамгийн дурсамжтай нь *Barbie* киноны “I’m Just Ken” дуугаараа Оскарын шагналд нэр дэвшиж байв. Dead Man’s Bones хамтлагт Гослинг гоцлол дуулахаас гадна төгөлдөр хуур, гитар, синтисайзер, цохивор хөгжим, виолончель, басс гитар зэрэг олон төрлийн хөгжим тоглодог байна. Одоогоор шинэ бүтээлийн нэр болон ямар дуу бичлэгийн компаниар дамжин цацагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.