Алдарт продюсер Райан Мёрфи поп од Ариана Гранде-г "American Horror Story" цувралын 13-р улиралд тоглуулахаар төлөвлөж байсан ч Арианагийн ачаалал ихтэй хуваарь үүнд саад болсон байна. Тэрээр "The Hollywood Reporter" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ариана Грандег ямар ч жүжигчнээр орлуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Мёрфигийн хэлснээр, тэд анх "Wicked" киноны зураг авалтын дараа энэ талаар ярилцсан ч Ариана Гранде өөрийн "Eternal Sunshine" аялан тоглолттойгоо цувралын зураг авалтыг зэрэгцүүлж чадах эсэхдээ эргэлзсэн байна. Продюсер энэ нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, шаардлагатай бол дараагийн улирал хүртэл хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэрээр: "Ариана Грандегээс илүү завгүй хүн гэж хаана байна? Үнэндээ байхгүй" хэмээн онцолсон байна.

Ариана Гранде болон Райан Мёрфи нар өмнө нь 2015 онд "Scream Queens" цуврал дээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Мёрфи Арианаг аймшгийн төрлийн кинонд их дуртай гэдгийг онцлоод, түүнийг ирээдүйд өөрийн бүтээлдээ эргүүлэн авчрах боломжтойг үгүйсгэсэнгүй.

Одоогоор Ариана Гранде өөрийн шинэ цомог болох "Petal"-ыг гаргаж, "Hate That I Made You Love Me" дуугаараа Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлээд байгаа юм. Түүний "Eternal Sunshine" аялан тоглолт Лондонд өндөрлөх бөгөөд үүний дараа тэрээр олон нийтийн анхаарлаас түр хугацаанд холдож, амарч, өөрийн эрүүл мэнд болон хувийн амьдралдаа анхаарах төлөвлөгөөтэй байгаа ажээ.