Хип хоп хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч, "Def Jam Recordings" студийг үндэслэгч Рассел Симмонс өөрт нь холбогдох хүчирхийллийн шүүх хурлаас зугтах боломжгүй боллоо. АНУ-ын шүүгч түүнийг Индонези улсад оршин суудаг гэх шалтгаанаар шүүх хуралд оролцохоос татгалзах эрхгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Хэргийн эхлэл нь нэрээ нууцалсан эмэгтэй Рассел Симмонсыг хүчирхийлсэн хэмээн буруутгаж, холбооны шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаар эхэлсэн юм. Тухайн үед уг хэргийг хэрэгсэхгүй болгосон ч хохирогч бууж өгөлгүй, муж улсын шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ. Рассел Симмонсын хуульчид түүнийг одоо Индонезийн Бали арал дээр амьдардаг тул АНУ-ын шүүхийн харьяалах хүрээнд орохгүй гэж маргасан байна. Гэвч шүүгч энэхүү байр суурийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэргийг үргэлжлүүлэн хянах шийдвэр гаргажээ.
Рассел Симмонс бол 1980-аад оноос хойш хип хоп хөгжмийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн, салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг юм. Түүний үүсгэн байгуулсан "Def Jam" нь LL Cool J, Beastie Boys болон Public Enemy зэрэг алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан түүхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх олон тооны хүчирхийллийн болон бэлгийн дарамтын дуулианууд дэгдээд байгаа билээ.
Энэхүү шийдвэр нь хүчирхийлэлд өртсөн хохирогчдын хувьд том ялалт гэж ажиглагчид үзэж байна. Шүүх хурал үргэлжлэх нь тодорхой болсон тул одоо олны анхаарал Рассел Симмонсын өмгөөлөгчид дараагийн алхамдаа юу хийх, мөн хохирогчийн зүгээс гаргаж ирэх нотлох баримтууд дээр төвлөрч байна.