Рок дуучин Yungblud саяхан мотоциклын ослоор хөлөө хугалсан ч тоглолтоо цуцлалгүй, тэргэнцэртэйгээ үзэгчдийн гар дээр хөвөх (crowd-surf) содон үзүүлбэр үзүүлжээ.
Наймдугаар сарын 19-ний Мягмар гарагт Португал улсад болсон Vilar de Mouros хөгжмийн наадмын үеэр тэрбээр гипстэй хөлтэйгөө тайзан дээр гарсан юм. Үзэгчдийн бичсэн бичлэгээс харвал тэрбээр үзэгчдэд хандан хөлөө хугалсан тул тоглолтоо цуцлах эсвэл шууд тайзан дээр гарч дуулах гэсэн хоёр сонголттой тулгарсан талаараа хэлж, тэдэнтэй хамт рок н ролл хийхээр шийдсэнээ илэрхийлжээ.
Үүний дараа Грэммийн шагналт уран бүтээлч тэргэнцэртэйгээ үзэгчдийн гар дээр дээш өргөгдөн хөвж, өөрийн “Fleabag” дуугаа дуулсан байна. Энэхүү уран бүтээл нь 2022 онд Billboard-ийн Rock & Alternative Airplay чартын 15-р байранд хүрч байжээ.
Yungblud нь наймдугаар сарын 9-нд болсон Sturgis Motorcycle Rally-ийн үеэр осолд орон хөлөө хугалсан бөгөөд инстаграмдаа гипстэй хөлнийхөө зургийг нийтэлж, тоглолтуудаа цуцлахгүй гэдгээ шүтэн бишрэгчдэдээ амлаж байсан юм. Тэрбээр наадмын дараа уг мөчийнхөө зургуудыг сошиал хуудсандаа нийтэлж, хөлөө хугалах сайхан арга хэмээн хошигносон байна. Түүний Европын наадмын дараагийн тоглолт наймдугаар сарын 22-нд Бельгийн Pukkelpop наадамд товлогджээ.