АНУ-ын NBC сувгийн America’s Got Talent (AGT) шоуны 21 дэх улирлын хагас шигшээд 28 настай рэппер Люк Талено (Luke Taleno) амжилттай оролцож байна.
Кубад төрсөн тэрээр гурван настайдаа гэр бүлийн хамт АНУ-д ирсэн бөгөөд англиар ярьж сурахаасаа өмнө хөгжмийн хэлийг ойлгож эхэлжээ. Люк 13 насандаа цусны цагаан бөөмийн хавдар (лейкеми)-аар өвчилж, эрүүл мэндийн хүнд сорилтыг даван гарсан нэгэн юм. Тэрээр саяхан болсон үзүүлбэрийнхээ өмнөхөн АНУ-ын иргэншлийн тангараг өргөсөн шинэ иргэн болжээ.
Өнгөрсөн 6-р сард болсон сонгон шалгаруулалтад тэрээр “From Seat to Stage” нэртэй өөрийн дуугаа дуулж, шүүгч Хауи Мандел-аас өндөр үнэлгээ авч, Golden Buzzer хүртсэн байна.
Харин энэ удаагийн хагас шигшээд тэрээр өнгөрсөн долоо хоногт шинээр бичсэн “American Dream” нэртэй дуугаа Кубын далбааны хээтэй, эх оронч загварын хүрэм өмсөн тайзнаа толилуулжээ. Шүүгч Хауи Мандел түүний хичээл зүтгэлийг үнэлэн “Чи бол жинхэнэ Америк мөрөөдөл. Чи бол шинэ Эминем” хэмээн тодорхойлсон байна. Мөн шүүгч Мел Би түүнийг бүх сэтгэл зүрхээ шингээн дуулсныг онцолж, маш хол явна гэж хэлсэн бол София Вергара түүнийг хэдийн супер од болсон хэмээн магтжээ.
Люк Талено шигшээ шатанд үлдэх эсэх нь үзэгчдийн санал хураалтаас хамаарна. Шоуны Лхагва гарагийн дүнг танилцуулах дугаарт өмнөх 20 дахь улирлын хоёрдугаар байрын эзэн Крис Тернер хүрэлцэн ирж, чөлөөт рэп үзүүлбэрээ үзүүлэх аж.