Америкийн нэрт рэппер Future "The Real Me" нэртэй шинэ цомогоороо Billboard-ийн чартуудад томоохон байр суурь эзэллээ. Долдугаар сарын 10-нд Sahluna/Freebandz/Epic Records студиэр дамжуулан гаргасан энэхүү бүтээл нь 131,000 цомгийн дүйцэхүйц нэгжээр Billboard 200 жагсаалтыг тэргүүлж байна.

Энэ нь Future-ийн хувьд карьерынх нь 12 дахь удаагийн №1 цомог болж байгаа юм. Ингэснээр тэрээр Эминем, Брюс Спрингстин, Барбра Стрейзанд болон Ye нарыг ардаа орхиж, тус чартын түүхэнд тавдугаарт бичигдэх боллоо. Одоогоор энэхүү жагсаалтыг Битлз хамтлаг 19 цомгоор тэргүүлж, араас нь Дрейк, Тейлор Свифт (тус бүр 15), Жей-Зи (14) нар бичигдэж байна.

Мөн Billboard Hot 100 чартад "The Real Me" цомогт багтсан 22 дуунаас 17 дуу нь шинээр орж ирсэн бөгөөд "California Girls" дуу 23-р байрт бичигдэн хамгийн өндөр амжилтыг үзүүлжээ. Үүний зэрэгцээ Future нь Дрейкийн "Ran to Atlanta" дуунд хамтран оролцсоноор тус чартын 61-р байрт мөн жагсаж байна.

Энэхүү амжилтаараа Future карьерынхаа туршид Hot 100 чартад нийт 245 дуугаа оруулсан амжилтыг тогтоолоо. Энэ нь Дрейк (402) болон Тейлор Свифт (277) нарын дараа орох гурав дахь өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн тэрээр Hot 100 чартын шилдэг 40-т багтсан дууныхаа тоог 83-т хүргэж, Элвис Пресли болон Ye нарыг гүйцэж, дөрөвдүгээрт жагсаж байна. Future нь 2011 оноос хойш 16 жил дараалан Billboard-ийн чартад тогтмол дуугаа оруулж байгаа юм.