Чикагогийн алдарт дрилл рэппер Lil Durk буюу Дөрк Бэнкс өөрийн дайсан Quando Rondo-гийн аминд хүрэхийг завдаж, түүний үеэлийг хөнөөлгөсөн гэх холбооны шүүхийн хэргээс цагаадлаа. Лос-Анжелес хотын холбооны шүүхийн тангарагтны бүрэлдэхүүн гурван өдөр зөвлөлдсөний эцэст түүнийг хүн захиалж хөнөөлгөх, мөрдөн мөшгих болон хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт гэм буруугүй гэж үзсэн байна.

Эдгээр зүйл ангиар яллагдвал түүнд бүх насаар нь хорих ял оноох боломжтой байсан юм. Харин уг хэрэгт хамтран оролцсон гэгдэж буй Дэвид Линдси, Деандре Уилсон нарыг мөрдөн мөшгих, хуйвалдааны зүйл ангиар гэм буруутайд тооцсон ч хүн захиалж хөнөөлгөх хэрэгт мөн цагаатгажээ. Тэдэнд оноох ялыг хожим товлохоор болсон байна.

Гэвч Lil Durk бүрэн суллагдаагүй бөгөөд хоригдсон хэвээр байна. Учир нь түүнийг өөрийн “OTF” дуу бичлэгийн лейблийг хүчирхийлэл үйлдэгч бүлэглэл болгон ажиллуулсан гэх рэкетийн нэмэлт зүйл ангиар яллаад байгаа юм. Шүүгч Майкл В. Фитцжеральд энэ шинэ зүйл ангийг анхны шүүх хурлаас тусгаарлаж, прокуроруудыг сүүлийн мөчид ял нэмсэн гэж шүүмжилсэн бөгөөд хоёр дахь шүүх хурал 10-р сарын 5-нд товлогджээ.

Прокурорууд 2020 онд Lil Durk-ийн дотны найз, хамтран уран бүтээлч King Von алагдсаны өшөөг авахын тулд Quando Rondo-г хөнөөх тушаал өгсөн гэж хоёр долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын үеэр үзэж байв. 2022 онд Лос-Анжелесийн шатахуун түгээх станц дээр болсон уг буудалцааны үеэр Rondo амьд гарсан ч түүний үеэл буудуулж нас барсан билээ. Хэрэгт оролцсон гэх гурван гэрч рэпперийг Чикагогоос Лос-Анжелес руу алуурчдыг явуулж, мөнгөн шагнал амласан гэж мэдүүлсэн ч рэпперийн өмгөөлөгчид гэрчүүдийг худал хэлсэн, Lil Durk ямар ч холбоогүй хэмээн няцаасан юм.