Алдарт “Crank That” дуугаараа дэлхийд танигдсан Америкийн рэппер Soulja Boy (жинхэнэ нэр нь ДеАндре Кортез Вэй) 2028 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг сонирхож буйгаа Инстаграм хуудсаараа дамжуулан цухуйлгалаа.

Тэрбээр бямба гарагт (10-р сарын 10) нийтэлсэн постоо “SOULJA BOY 2028” хэмээн нэрлэж, үүнийгээ өөрийн карьерын “шинэ бүлэг”, “илүү том алсын хараа” хэмээн тодорхойлсон байна. Түүнчлэн эдийн засгийн боломж, эрүүгийн эрх зүйн шинэчлэл, боловсрол болон технологи ба хиймэл оюуны ирээдүй гэсэн дөрвөн үндсэн чиглэлд анхаарал хандуулахаа дурджээ. Рэппер хөгжим, бизнес, технологийн салбарт ажиллаж ирсэн туршлагаа олон нийтийн үйл хэрэгт зориулах боломжийг судалж байгаагаа бичсэн ч бодлогын нарийн тодорхой төлөвлөгөө танилцуулаагүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг албан ёсны сонгуулийн кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа эсэх, эсвэл зүгээр л олон нийтийн хандлагыг тандаж үзэж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Soulja Boy нь интернэтийн хүчийг ашиглан амжилтад хүрсэн анхны уран бүтээлчдийн нэг юм. Түүний анхны бие даасан “Crank That (Soulja Boy)” дуу нь 2007 онд Billboard Hot 100 жагсаалтыг долоон долоо хоногийн турш тэргүүлж, АНУ-д дижитал хэлбэрээр 3 саяас дээш хувь борлогдсон анхны бүтээлүүдийн нэг болж байв. Мөн түүний анхны цомог *souljaboytellem.com* Billboard 200 чартын 4-р байрт, харин “Kiss Me Thru the Phone” дуу нь Hot 100 жагсаалтын 3-р байрт тус тус хүрч байжээ.