Америкийн рэппер The Game өөрийнх нь наймдугаар сард гаргасан The Documentary III цомог 2027 оны Grammy шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийн жагсаалтад багтаагүйд ихээхэн гайхаж, шүүмжлэлтэй ханджээ. Уг нэр дэвшигчдийн жагсаалтыг Даваа гарагт (11-р сарын 16) албан ёсоор зарласан юм.

Тэрбээр Instagram хуудсаараа дамжуулан бичвэр нийтэлж, Grammy болон хип хоп хөгжмийн харилцааг хөндөн бухимдлаа илэрхийлсэн байна. Billboard 200 жагсаалтын 68-р байранд хүрч байсан цомгийнхоо талаар тэрээр: "The Documentary III оны шилдэг цомогт нэр дэвшсэнгүй. Энэ салбар 2005 онд намайг орж ирэхэд л хачин байсныг мэддэг байсан ч энэ бол үнэхээр инээдэмтэй хэрэг" гэжээ. Үүний зэрэгцээ шилдэг рэп цомгийн төрөлд нэр дэвшсэн бусад уран бүтээлчдийг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Өдгөө 46 настай рэппер шинэ залуу уран бүтээлчдийг уг шагналд нэр дэвшихийн тулд өөрийн байр сууриа худалдах, салбарын стандартыг дагах зэрэг шаардлагатай тулгардаг хэмээн мэдэгджээ. Тэрбээр өөрийн карьертаа 2006 онд 50 Cent-тэй хамтарсан Hate It or Love It дуугаараа нийт хоёр удаа Grammy-д нэр дэвшиж байсан туршлагатай.

Харин The Breakfast Club нэвтрүүлгийн хөтлөгч Charlamagne Tha God Мягмар гарагийн (11-р сарын 17) дугаараар түүний энэхүү шүүмжлэлийг эсэргүүцсэн байна. Тэрээр: "Өөрөө нэр дэвшээгүй гээд бусад нэр дэвшсэн хүмүүсийг хар бараан, зүй бус зүйл (nefarious things) хийсэн мэт харагдуулж болохгүй" хэмээн шүүмжилж, өмнө нь Killer Mike, The Clipse зэрэг уран бүтээлчид уг шагналыг хүртэж байсныг дурджээ.