Калифорнийн алдарт рэппер Tyga өөрийн ес дэх студийн цомог болох '$tarface'-ийг долдугаар сарын 31-нд гаргасан билээ. Тус цомогт 80-аад оны синт-поп урсгалын нөлөө ихээр шингэсэн бөгөөд сонсогчдын дунд зарим электрон дуугаралтыг хиймэл оюун ухаан (AI) ашиглан бүтээсэн байж магадгүй гэх таамаг өрнөж байв.
Тэгвэл 'Vibe' сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Tyga энэхүү цуу яриаг баталж, хиймэл оюун ухааныг зүгээр л нэг "багаж хэрэгсэл" болгон ашигласнаа хүлээн зөвшөөрлөө. Тэрээр энэ талаар тайлбарлахдаа: "Би хэзээ ч энэ тухай хэнд ч ярьж байгаагүй, учир нь энэ нь ид шидтэнгээс заль мэхээ хэрхэн хийдгийг нь тайлбарлуулахтай адил санагддаг байсан. Хэрэв танд таалагдаж байвал таалагдаж л байна, үгүй бол үгүй. Надад хамаагүй. Энэ нь зүгээр л танд туршлага, мэдрэмж төрүүлэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр хиймэл оюун ухааныг ашигласныг 'Auto-Tune' технологи гарч ирэх үеийн нөхцөл байдалтай зүйрлэсэн байна. Тухайн үед зарим хүмүүс үүнийг эсэргүүцэж байсан ч жинхэнэ уран бүтээлчид уг технологийг өөрийн болгож ашиглаж чадсан гэдгийг тэрээр онцолжээ. Tyga тодруулбал, дууны зарим хэсэгт 80-аад оны синт хөгжим болон гитарын гоцлол хэрэгтэй байсан үед хиймэл оюун ухааныг ашигласан байна. Гэсэн хэдий ч цомгийн бүх дууны хоолой болон ерөнхий бүтээлч ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглаагүй гэдгээ тэрээр тодотгожээ.
Хөгжмийн салбарт хиймэл оюун ухааны хэрэглээний асуудал маш их маргаан дагуулсаар байна. Зарим уран бүтээлчид үүнийг уран бүтээлчдийг хүчирхэгжүүлэх хэрэгсэл гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь бүтээлч үйл явцыг алгасдаг, уран бүтээлч бус хандлага хэмээн шүүмжилдэг билээ.