Канадын нэрт дуучин Селин Дион Австралийн домогт уран бүтээлч Жон Фарнхэмийн замнал болон дуу хуурыг алдаршуулах хүндэтгэлийн тоглолтод Парис хотоос цахимаар холбогдон оролцлоо.
Мельбурн хотын 15,000 хүний суудалтай Rod Laver Arena цэнгэлдэхэд зохион байгуулагдсан тус тоглолтыг Австрали даяар “Hoyt’s” сүлжээ кино театруудаар 23,000 гаруй үзэгчид шууд хүлээн авч үзсэн байна. Тоглолтын үеэр Селин Дион 1986 оны алдарт “You’re the Voice” хэмээх дууг Парисаас дуулж сонирхуулжээ. Тэрбээр өмнө нь 2018 оны наймдугаар сард тус цэнгэлдэх хүрээлэнд болсон өөрийн тоглолтын үеэр уг дууг Жон Фарнхэмтэй хамтран дуулж байсан юм.
Өдгөө 77 настай Жон Фарнхэм эрүүл мэндийн байдлаасаа болоод өөрийн хүндэтгэлийн тоглолтод биечлэн ирж амжаагүй байна. Харин булчин чангарах ховор төрлийн мэдрэлийн өвчинтэй (stiff person syndrome) тэмцэж буй Селин Дион одоогоор Парисын “Plenitude Arena”-д 16 өдрийн тоглолтоо үргэлжлүүлж байгаа аж.
Энэхүү арга хэмжээнд 120 гаруй уран бүтээлч, хөгжимчид оролцсоноос гадна Хью Жекман, Крис Мартин нар гэнэтийн зочноор хүрэлцэн ирсэн байна. Үзэгчдийн хүсэлтээр тус тоглолтыг дахин засварласан хувилбараар кино театруудын дэлгэцнээ дахин гаргахаар болжээ.