Их Британийн залуу дуучин Сиенна Спиро өөрийн "Great Expectation" хэмээх соул баллад төрлийн бүтээлээрээ "Official U.K. Singles Chart"-ийг анх удаа тэргүүллээ. Өдгөө 20 настай тэрбээр 2014 оны долоодугаар сард Беки Хилл Оливер Хелденстэй хамтарсан "Gecko (Overdrive)" дуугаараа жагсаалтыг тэргүүлснээс хойш тус чартын оргилд хүрсэн хамгийн залуу Их Британи эмэгтэй уран бүтээлчээр тодорч байна.
Лондон хотод төрсөн Сиенна Спирогийн дебют цомог болох *Visitor*-т багтсан "Great Expectation" дуу нь долдугаар сард чартын 32 дугаар байрт анх орж ирснээс хойш тогтмол өссөөр, есдүгээр сарын 4-ний жагсаалтад хоёрдугаарт хүрсэн бөгөөд ийнхүү нэгдүгээр байрт шалгарчээ. Тэрбээр өмнө нь 2025 оны аравдугаар сард "Die on This Hill" дуугаараа шилдэг 40-д анх багтаж, тус дуу нь арваннэг болон нэгдүгээр саруудад есдүгээр байрт хүрч байсан төдийгүй үүний дараа "You Stole the Show", "The Visitor", "Material Lover", "Pure" зэрэг хэд хэдэн дуугаа топ 40-д багтааж чадсан юм.
Элла Лэнглийн өмнөх долоо хоногт тэргүүлж байсан "Choosin’ Texas" дуу энэ удаад хоёрдугаар байр руу ухарчээ. Уг дуу нь өмнө нь есдүгээр сарын 4-ний чартад тэргүүлснээр Сэм Фэндэр болон Оливиа Дин нарын дараалсан бус 23 долоо хоногийн турш чартыг манлайлсан "Rein Me In" дууны дээд амжилтын ноёрхлыг зогсоож байсан билээ.
Энэ долоо хоногийн шилдэг тавд Хугел, Имаэл Анжел, Ультра Нейт нарын "Movin’ to the Sun" гуравдугаарт, Стелла Лефтигийн "Boston" дөрөвдүгээрт, "Rein Me In" бүтээл тавдугаарт бичигдсэн байна. Чартын бусад хэсэгт Дуа Липагийн "Training Season" 11 байр ахин долоодугаар байрт орж, шилдэг 10-т эргэн ирсэн бол Тейм Импалагийн "Loser" 10 дугаарт хүрснээр түүний хоёр дахь топ 10 бүтээл боллоо.