Алдарт реппер Снуп Догг (Snoop Dogg)-ийн амьдрал болон уран бүтээлийн замналыг харуулсан намтарчилсан кино 2027 оны наймдугаар сарын 6-нд нээлтээ хийхээр болсныг Universal Pictures студи албан ёсоор мэдэгдлээ.
"Snoop" нэртэй уг киног "Coming 2 America", "Hustle & Flow" зэрэг бүтээлээрээ танигдсан найруулагч Крейг Брюэр удирдан чиглүүлэх юм. Киноны гол дүрд "Outer Banks" цувралын жүжигчин Жонатан Дэвисс тоглохоор болсон бөгөөд жүжигчин залууг сонгогдсоны дараа Снуп Догг өөрийн сошиал хуудсаараа дамжуулан баяраа хуваалцаж, хамтдаа авахуулсан зургаа нийтэлж байжээ.
Энэхүү төсөл нь репперийн "Death Row Pictures" контент студи болон Universal Pictures-ийн хамтын ажиллагааны хүрээнд бүтээгдэж буй анхны кино юм. Киноны продюсероор "8 Mile" кинонд ажиллаж байсан Брайан Грейзер, Снуп Догг болон "Death Row Pictures"-ийн ерөнхийлөгч Сара Рамакер нар ажиллана. Одоогоор киноны үйл явдлын нарийн ширийн зүйлс тодорхойгүй байгаа тул репперийн карьерын бүхий л үеийг харуулах уу, эсвэл тодорхой нэгэн хэсгийг онцлох уу гэдэг нь одоогоор нууц хэвээр байна.
Үүнээс гадна, Снуп Догг аймшгийн киноны найруулагч Эли Ротын шинэ төсөлд оролцохоор болжээ. Анх уг киноны продюсероор ажиллаж, дуу хөгжмийг нь хариуцах тухай мэдээлэл гарч байсан ч найруулагч Эли Рот репперийг дэлгэцийн бүтээлд өөрийн биеэр тоглоно гэдгийг баталсан байна. "Don’t Go in That House, Bitch!" хэмээн нэрлэгдэх магадлалтай уг киноны зураг авалт зуны улиралд эхлэхээр хүлээгдэж байна.