NBA-ийн 2026-27 оны улирлыг тун амжилттай эхлүүлээд байсан Голден Стэйт Уорриорс багийн хувьд супер од Стефен Көрри бэртэл авсан нь том түгшүүр дагуулаад байна. Тэрбээр Лхагва гарагт Хьюстон Рокетс багт хожигдсон тоглолтын ердөө зургаа дахь минутад талбайг чөлөөлсөн бөгөөд ахлах дасгалжуулагч Стив Керр уг бэртэлд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Гэсэн хэдий ч багийн хувцас солих өрөөнөөс хөгжөөн дэмжигчдийг баярлуулах эерэг мэдээлэл дуулдаж эхэллээ. Өнгөрсөн 2025-26 оны улиралд өвдөгний хүнд бэртлийн улмаас тоглохоо больсон Жимми Батлер болон Мозес Мүүди нар төлөвлөснөөсөө хавьгүй эрт эргэн ирэх боломжтой болсон гэх мэдээ гарчээ. Анхандаа тэднийг Бүх оддын тоглолтын завсарлагаанаар л талбайдаа гарахаар хүлээгдэж байсан юм.

NBC Sports Bay Area-ийн сэтгүүлч Монте Пулын өгүүлснээр тэдний нөхөн сэргээх эмчилгээ тооцоолсноос ч хурдан явагдаж байгаа аж. Тэрбээр хоёр тоглогчийг хоёулаа хоёрдугаар сараас өмнө эргэн ирж магадгүй гэсэн яриа дуулдаж байгааг хуваалцсан байна. Гэхдээ багийн удирдлага одоогоор тэдний эргэн ирэх хугацаа наашилсан тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Жимми Батлер 2026 оны нэгдүгээр сарын 19-нд баруун өвдөгний чагтан холбоосоо (ACL) тасалж, дараа сард нь хагалгаанд орж байсан юм. Тэрбээр есдүгээр сард болсон хэвлэлийн өдрөөр гүйж эхэлсэн төдийгүй цагираг дээрээс довтолж (dunk) чадаж байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн Арваннэгдүгээр сарын 9-нд Нью-Орлеанс Пеликанс багтай хийсэн тоглолтын үеэр дасгалжуулагчдын адил саарал цамц, хар өмд өмсөн самбар барьж, багийнхандаа зөвлөгөө өгч байв. Харин Мозес Мүүди гуравдугаар сарын 23-нд Даллас Мавериксийн эсрэг тоглохдоо зүүн өвдөгний тойгны шөрмөсөө тасалж, дамнуургаар хүргэгдэж байсан бөгөөд аравдугаар сар гэхэд ганцаарчилсан бэлтгэлдээ орж Батлераас ч түрүүлж яваа гэгдэж байсан юм.

Уорриорс улирлын эхний гурван тоглолтдоо дараалан ялагдсан ч найм дараалан хожиж сэргэлт авсан билээ. Тус багийн 38 настай од Стефен Көрри эхний 10 тоглолтдоо дунджаар 27.8 оноо, 3.9 оновчтой дамжуулалт, 3.7 самбар авч, талбайн шидэлтээ 50 хувьтай, гурван онооны шидэлтээ 45.7 хувьтай гүйцэтгэн багаа манлайлж байсан юм.