Алдарт дуучин Стиви Уандер (жинхэнэ нэр нь Стивланд Моррис) өөрийнх нь Лос-Анжелес хот дахь байшинд 1988 оноос хойш түрээс төлөхгүй амьдарч буй эмэгтэйг гэрээсээ албадан гаргуулахаар хуулийн байгууллагад ханджээ. Тэрбээр пүрэв гарагт (10-р сарын 22) Кармен Эфферсон гэх эмэгтэйг Холливуд Хиллз дэх гурван унтлагын өрөөтэй хувийн сууцнаас нь нүүхийг шаардан шүүхэд өгсөн байна.

Шүүхийн баримтад дурдсанаар, Кармен Эфферсон нь аман тохиролцооны үндсэн дээр тус байшинд 38 жилийн турш үнэ төлбөргүй амьдарчээ. Эфферсоны талаар олонд төдийлөн тодорхой мэдээлэл байдаггүй ч 1988 онд Стиви Уандер болон Майкл Жексон нарын хамтарсан “Get It” дууны клипийг продюсерлосон гэж “Billboard”-ын архивт тэмдэглэгдсэн байдаг бөгөөд тухайн үеийн шар хэвлэлүүдээр тэднийг сүй тавьсан гэж мэдээлж байжээ. Гэвч тэд хэзээ ч гэрлээгүй юм.

Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, Стиви Уандерын төлөөлөгчид үл хөдлөх хөрөнгийн даатгалыг шинэчлэх үзлэг хийхээр долдугаар сард тус байшинд гурван ч удаа очиход Эфферсон тэднийг нэвтрүүлээгүй байна. Тэрбээр дуучны өмгөөлөгч Дэвид Хафф руу хараалын үгтэй цахим шуудан илгээж, гэрт нь нэвтрэх зөвшөөрөл өгөхгүйгээ илэрхийлжээ.

Өмгөөлөгчид түүнд даатгалын шалгагчдыг оруулахгүй бол албадан гаргах арга хэмжээ авна гэдгийг удаа дараа албан ёсоор анхааруулсан ч шаардлагыг биелүүлээгүй тул ийнхүү хууль бусаар эзэмшиж буй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Стиви Уандер шүүгчээс түүнийг байшингаас албадан гаргах шийдвэр гаргуулахаас гадна байшингийн даатгал цуцлагдахад хүргэсэн тул 600 ам.долларын хохирол нөхөн төлүүлэхийг шаарджээ. Энэ асуудлаар Эфферсон баасан гарагт тайлбар өгөөгүй байна.