Алдарт дуучин, хөгжимчин Стиви Уандер өөрийн хамгийн алдартай, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүдийнх нь нэг болох “Songs in the Key of Life” цомгийн 50 жилийн ойг тохиолдуулан намрын аялан тоглолтоо хийхээр зарлалаа.
Нийт 18 тоглолтоос бүрдэх тус аялан тоглолт 10 дугаар сарын 13-нд Их Британийн Бирмингем хотоос эхлэх юм. Үүний дараа тэрээр Парис, Копенхаген, Осло, Стокхольм, Ханновер, Кёльн, Амстердам, Дублин, Лондон, Манчестер, Глазго зэрэг Европын хотуудаар аялан тоглоно. Харин өвлийн улиралд АНУ-д үргэлжилж, 11 дүгээр сарын 19-нд Нью-Йоркийн Madison Square Garden-д тоглохоос гадна Чикаго, Вашингтон, Детройт хотуудад зочилж, 12 дугаар сарын 19-нд Лос-Анжелесийн Intuit Dome-д өндөрлөх хуваарьтай байна.
Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, өдгөө 76 настай Стиви Уандер тус аялан тоглолтынхоо үеэр уг цомгоо бүхэлд нь дуулж сонирхуулах аж.
Стиви Уандерын 18 дахь студийн цомог болох “Songs in the Key of Life” нь 1976 оны есдүгээр сарын 28-нд дөрвөн дуутай нэмэлт EP бүхий давхар цомог болон гарч байжээ. Энэхүү цомог нь Billboard 200 жагсаалтыг тэргүүлж, улмаар 1977 оны Грэммийн наадмаас “Оны шилдэг цомог” шагналыг хүртэж байсан түүхтэй.
Цомогт Billboard Hot 100 жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан “I Wish”, “Sir Duke” зэрэг синглүүд багтсанаас гадна “Love’s in Need of Love Today”, “Isn’t She Lovely”, 1995 онд дуучин Кулиогийн “Gangsta’s Paradise” дууны эх үндэс болсон “Pastime Paradise” зэрэг сонгодог бүтээлүүд багтдаг байна.