Гимнастикийн тамирчин Суни Ли 2023 онд бөөрний ховор төрлийн хоёр өвчтэй болохоо олж мэдсэн хүнд үеийнхээ талаар болон бие махбодоо сонсож, өөрийгөө илэрхийлэх нь ямар чухал болох тухай дахин дэлгэлээ.

Анх 2023 онд түүний шагай хавдаж эхэлсэн ч эхэндээ тэгтлээ их тоогоогүй байна. Гэвч маргааш нь нүүр, гар, хөл нь хавдаж, ямар нэг зүйл болохгүй байгааг мэдэрчээ. Энэхүү хавдар нь түүнд тэгш бус савлуурын бэлтгэл хийхэд хүртэл хүндрэл учруулж байв. Эмч нар эхэндээ шалтгааныг нь олж тогтооход бэрхшээлтэй байсан ч Ли зөн совиндоо итгэж, таагүй мэдрэмж төрөх бүрд өөрийгөө хамгаалан дуугарч байжээ.

Эцэст нь бөөрний биопсийн шинжилгээгээр тэрбээр бөөрний хоёр ховор өвчинтэй болох нь батлагдсан юм. Тэрбээр уг өвчнүүдийнхээ нарийн нэрийг олон нийтэд зарлаагүй байна.

“Өөрийгөө хамгаалж дуугарах нь чухал”

2026 оны долоодугаар сард гимнастиктаа эргэн ирэхээ зарласан Ли есдүгээр сарын 30-нд Инстаграмдаа Biogen компанитай хамтарсан төлбөртэй бичлэг нийтэлж, бөөрний ховор өвчний талаарх ойлголтыг түгээсэн юм. Тэрбээр бэлтгэлээ дахин эхлүүлж байгаа энэ үедээ биеэ анхаарах нь хэр зэрэг ач холбогдолтой талаар ярихаар шийдсэнээ дурджээ.

Ли эмчид үзүүлэхэд “юу ч болоогүй, зүгээр байна” гэж хэлсэн ч зөн совиндоо итгэж, өөрийнхөө төлөө тууштай байснаа онцолсон байна. Өөрийгөө үргэлж эрүүл гэж бодож явсан түүний хувьд өдөр бүр гадаад төрх нь өөрчлөгдөж, биеэ хянах боломжгүй болох нь сэтгэл санаанд нь хүчтэй нөлөөлжээ. Энэ үед сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлж, олон нийтийн сүлжээний сөрөг нөлөөнд автуулахгүй байхад тусалсан гайхалтай дэмжлэгийн системтэй байсандаа баяртай явдгаа тэрбээр хуваалцсан байна.

Уг өвчний улмаас Оберны их сургуулийн NCAA-ийн 2023 оны улирлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, дахин хэзээ ч өрсөлдөж чадахгүй байх вий гэсэн айдастай нүүр тулж байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр их спортод эргэн ирж, Парисын олимпын тавцанд гарч чадсан юм. Ли өөрийн туулсан туршлагаараа дамжуулан бусдад туслах, ховор өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа илэрхийлжээ.