АНУ-д сургуулиас олгосон Chromebook төхөөрөмжөөр дамжуулан Gemini хиймэл оюуныг ашиглаж, өсвөр насны охин амиа хорлохоор төлөвлөсөн гэх үндэслэлээр нэгэн гэр бүл Google компанийг шүүхэд өгөөд байна. Эмма хэмээн нэрлэсэн тус охин төлөвлөгөөгөө гүйцэтгээгүй бөгөөд сургуулийн хуучин ажилтан түүний сэжигтэй үйлдлийг ар гэрийнхэнд нь анхааруулснаар энэ явдал ил болжээ. Улмаар охины ээж хиймэл оюунтай амиа хорлох талаар ярилцаж байсныг нь бодит цаг хугацаанд харсан хэмээн нэхэмжлэлд дурдсан байна.
Калифорни мужийн дээд шүүхэд гаргасан уг нэхэмжлэлд дурдсанаар Google болон сургуулийн ашигладаг гуравдагч талын хяналтын системүүд охины энэхүү чатбот хэрэглээг эцэг эхэд нь сануулж сэрэмжлүүлээгүй аж. Эмма насанд хүрээгүй хэрэглэгчдэд хязгаарлалттай байдаг Gemini чатботыг Google Search-ийн AI горимоор дамжуулан сургуулийн төхөөрөмж дээрээ ашигласан гэж мэдээлжээ.
Хиймэл оюуны зааварчилгаа ба шүүхийн нэхэмжлэл
Шүүхийн баримтад тэмдэглэснээр охин 2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн чатботтой эрчимтэй харилцаж, өөрийгөө сэтгэцийн олон өвчтэй гэж итгэх болсон байна. Мөн Gemini нь өөртөө гэмтэл учруулснаа хэрхэн нуух талаар зааварчилж, амиа хорлох аргуудын тухай асуултуудад хариулж, оршуулгын үг бичихэд нь тусалсан хэмээн нэхэмжлэлд дурджээ.
Нэхэмжлэлд Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай болон үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин нарыг онцлон нэрлэж, алдаатай загвар, сэрэмжлүүлээгүй байдал, хайхрамжгүй хандсан болон сэтгэл санааны хохирол учруулсан хэмээн буруутгасан байна.
Технологийн аюулгүй байдал ба талуудын байр суурь
Google-ийн хэвлэлийн төлөөлөгч The New York Times сонинд өгсөн мэдээлэлдээ уг гомдлыг шалгаж байгаа бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн хямралын үед ашиглах функц, тусламжийн эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлээр эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй өргөн хүрээнд хамтран ажилласан гэж мэдэгджээ.
Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллагууд хиймэл оюуныг сургуулийн орчинд ашиглахад аюулгүй болоогүй гэж үзэж, хязгаарлалт тавихыг уриалж байна. Тухайлбал, Лос-Анжелес болон Нью-Йорк хотын улсын сургуулиуд 2026-2027 оны хичээлийн жилд хиймэл оюуны хэрэглээнд өргөн хүрээний хязгаарлалт тогтоохоо зарлаад байгаа аж. Мөн Калифорни болон Нью-Йорк зэрэг мужуудад насанд хүрээгүй хүүхдүүдийг чатботын эрсдэлээс хамгаалах шинэ хуулиудыг баталж эхэлжээ.