Австралийн хөгжмийн ертөнцийн амьд домог гэгддэг, "You’re the Voice" дуугаараа дэлхийд танигдсан Жон Фарнхэмд хүндэтгэл үзүүлэх "The Songs of John Farnham: A Living Legend – The Celebration Concert" нэртэй томоохон хүндэтгэлийн тоглолт Мельбурн хотын "Rod Laver Arena"-д боллоо. Тус тоглолтод 120 гаруй уран бүтээлч, 38 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим болон Жон Фарнхэмийн хамтлаг оролцсон байна.

Энэхүү тоглолтын орлого нь 2022 оноос хойш хорт хавдартай тэмцэж буй Фарнхэмд тусламж үзүүлж байсан "Head and Neck Cancer Australia" байгууллагад зориулагдаж байгаа бөгөөд 1 сая ам.доллар цуглуулах зорилготой "Lend Your Voice" аяныг эхлүүлжээ.

Өдгөө 77 настай дуучин Жон Фарнхэм эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тоглолтод биечлэн ирж чадаагүй юм. Түүний гэр бүлийнхний мэдээлснээр дуучны бие сүүлийн саруудад муудаж, хүчилтөрөгчийн аппарат болон тэргэнцэр ашиглаж байгаа бөгөөд гэртээ 24 цагийн сувилгаа авч байгаа ажээ.

Хүндэтгэлийн үдэшт дэлхийн алдарт дуучин Сэлин Дион Парис хотоос цахимаар холбогдож, Фарнхэмийн алдарт "You’re the Voice" дууг дуулсан бол Coldplay хамтлагийн ахлагч Крис Мартин гэнэтийн бэлэг барьж, энэхүү үйл явдалд зориулан тусгайлан бичсэн "A Better Singer Than Me" шинэ дуугаа толилуулсан байна. Мөн дуучин Кит Урбан, жүжигчин Хью Жекман болон Австралийн бусад алдартай уран бүтээлчид оролцож түүний хит дуунуудыг дуулжээ.

Жон Фарнхэмийн 1986 онд гаргасан "Whispering Jack" цомог нь Австралийн хөгжмийн чартыг 25 долоо хоногийн турш тэргүүлж, 24 удаа цагаан алтан гэрчилгээ авсан түүхтэй. Тэрээр Австралийн түүхэнд дараалсан таван арваны турш чартын нэгдүгээрт бичигдсэн цомог гаргасан цорын ганц уран бүтээлч юм.