Америкийн хөлбөмбөгийн “Супер Боул”-ын аварга, Хойд Каролинагийн их сургуулийн (UNC) багийн ахлах дасгалжуулагч Билл Беличик болон түүний 25 настай найз бүсгүй Жордон Хадсон нарын харилцаа олны анхаарлыг татсаар байна. Пулицерийн шагналт сэтгүүлч, подкаст хөтлөгч Пабло Торре өөрийн “Pablo Torre Finds Out” нэвтрүүлгээрээ тэдний харилцаа, хамтарсан бизнес болон Хадсоны Хойд Каролинагийн “Tar Heels” багтай холбогдох оролцоог судалж, мэдээлсэн юм.
Энэхүү сурвалжилгын дараа Хадсон сэтгүүлчийн мэдээллүүдийг үндэслэлгүй, нэр төрд халдсан хэмээн үзэж, өнгөрсөн оны 11 дүгээр сард Инстаграм хуудсаараа дамжуулан Торрег шүүхэд өгнө гэж сүрдүүлж байжээ. Гэвч тэрбээр эцэст нь шүүхэд хандахаас татгалзсан байна.
Сэтгүүлч Пабло Торре “Front Office Sports”-д өгсөн ярилцлагадаа энэ явдал нэг талаар тайвшрал авчирсан ч нөгөө талаар бага зэрэг урам хугалсан төгсгөл болсныг хуваалцжээ. Тэрбээр “Намайг шүүхэд өгнө гэж амаар сүрдүүлсэн цорын ганц хүн бол Жордон Хадсон. Гэвч тэр тэгээгүй. Энэ нь тайвширмаар ч нөгөө талдаа шүүх хурал их сонирхолтой болох байсан тул бага зэрэг харамсалтай байна” хэмээн ярьсан юм.
Торрегийн мэдээлснээр, Беличикийг 2024 оны 12 дугаар сард ажилд томилогдох үед Хадсон өөрийгөө хувийн пи-ар менежер болон “үйл ажиллагаа хариуцсан захирал” хэмээн нэрлэж байсан аж. Мөн Беличик их сургуулийн удирдлагуудад хувийн уулзалт, хуваарьтай холбоотой хүсэлтүүдээ Хадсонд давхар илгээхийг хүссэн байжээ. Дасгалжуулагч Беличик үүнийг их сургуулиас гадуурх хувийн ажлаа зохицуулах зорилготой байсан гэж тайлбарласан бөгөөд Хадсоныг бүх зүйлд оролцдог гэх яриаг худал гэж мэдэгдсэн байна.
Энэхүү маргаантай асуудлаас болж NFL Films-ийн “Hard Knocks” баримтат цуврал тус их сургуультай хамтран ажиллахаа больж, сургуулийн хөлбөмбөгийн хөтөлбөр ойролцоогоор 200 мянган ам.долларын байгууламжийн төлбөрөө алдахад хүрчээ. Түүнчлэн Хадсоныг их сургуулийн спортын байгууламжид нэвтрэхийг хориглосон гэх Торрегийн мэдээллийг Хадсон болон их сургуулийн зүгээс хоёул үгүйсгэсэн байна.