Одон орон судлаачид манай Сүүн зам галактикийн тоос шороо, одод шигүү байрлах хавтгайг нэвтлэн ажиглалт хийхдээ олон тооны галактикуудын хүчтэй мөргөлдөөн дунд гэрэлтэх радио долгионы өвөрмөц бүтцийг олж илрүүлжээ. Нарийн утаслаг байдлаар мушгирсан хэлбэртэй тус биетэд “Сол түлхүүр” (Treble Clef) хэмээх хоч өгсөн бөгөөд энэ нь эрдэмтдийн нэрлэдгээр унтарсан бөөмс дахин сэргэж гэрэлтсэн “радио галт шувуу” (radio phoenix) юм.

Энэхүү судалгааны ажил Astronomy & Astrophysics сэтгүүлд нийтлэгдсэн байна.

“Радио галт шувуу” хэрхэн үүссэн бэ?

Судлаачдын үзэж буйгаар уг бүтэц нь хоорондоо таталцлын хүчээр холбогдсон асар том галактикийн бөөгнөрөл дотор оршиж байгаа бөгөөд тэрхүү бөөгнөрөл нь өөр нэгэн бөөгнөрөлтэй нэгдэх үйл явц дундаа явж байна. Эрт цагт тус бөөгнөрөл дэх аварга том хар нүх өндөр энергийн бөөмсийн цацраг гаргасан ч цаг хугацааны эрхээр тэдгээр бөөмс нь эрч хүчээ алдаж, гэрэлтэхээ больсон байжээ. Харин хоёр галактикийн бөөгнөрлийн хүчтэй мөргөлдөөн үлдсэн материалуудыг шахаж, хутгаснаар радио гэрлээр дахин гэрэлтэж эхэлсэн аж.

“Сол түлхүүр” нь олон жилийн өмнөх радио судалгаануудад анх бүдэг харагдаж байсан бөгөөд зарим одон орончид үүнийг хурдан эргэлддэг үхсэн од буюу пульсар байж магадгүй хэмээн таамаглаж байв. 2004 оны судалгаагаар галактикийн бөөгнөрөлтэй холбосон ч тухайн үеийн дурангийн хүчин чадал нарийн хэлбэрийг нь ялгаж чадаагүй байна. Харин 2022 онд “X-хэлбэрийн” радио эх үүсвэрийн жагсаалтад багтаж байжээ.

Шинэ үеийн телескопуудын хүчин чадал

Европын LOFAR (Low Frequency Array) сүлжээний шинэ судалгааны өгөгдлийг шалгаснаар түүний мушгирсан бүтцийг анх удаа тодорхой харсан байна. Үүний дараа Энэтхэгийн Giant Metrewave Radio дурангаар өргөн хүрээний долгионы уртад судалжээ.

Түүнчлэн уг галактикийн бөөгнөрлийг хэмжихийн тулд NASA-гийн Chandra X-ray Observatory болон Германы eROSITA сансрын дуранг ашигласан бөгөөд тэдгээр нь бөөгнөрлийг дүүргэдэг олон сая градусын халуун хийнээс ялгарах рентген туяаг илрүүлсэн байна. Энэхүү дохионы тусламжтайгаар уг бөөгнөрөл нь Дэлхийгээс ойролцоогоор 1.6 тэрбум гэрлийн жилийн зайд оршдог, манай нарнаас 600 их наяд дахин их масстай болохыг тогтоож, бөөгнөрлүүдийн мөргөлдөөнийг баталгаажуулжээ.

Эрдэмтдийн таамаглаж буйгаар мөргөлдөөнөөс үүдэлтэй хийн эргүүлэг тус биетийг сол түлхүүр хэлбэртэй болгон хувиргасан байна. Мөн энэ үйл явдал нь бөөгнөрлийн төвд бүдэг радио гэрлийн манан үүсгэсэн байж болзошгүй бөгөөд одоогоор үүнийг зөвхөн Энэтхэгийн дуран илрүүлээд байгаа аж. Энэхүү нарийн утаслаг бүтэц нь сансрын цацраг хэмээх өндөр энергийн бөөмс галактикийн бөөгнөрөл дундуур хэрхэн аялдаг талаарх том тааврыг тайлахад тус болж магадгүй юм.