Финландын авьяаслаг теннисч, карьертаа дэлхийн чансааны 37-р байранд хүрч байсан 27 настай Эмил Руусувуори нурууны хагалгаанд орсноо олон нийтэд зарлалаа. Тэрбээр 10 Challenger тэмцээнд түрүүлж, 2024 онд Hong Kong Open тэмцээний шигшээд Андрэй Рублёвтай тоглож байсан ч сүүлийн нэг жилийн хугацаанд нурууны асуудлаас болж чансаа нь эрс унажээ.

Руусувуори Нью-Йорк хотод хийлгэсэн хагалгааныхаа талаар Instagram хуудсаараа дамжуулан хуваалцахдаа: “Сүүлийн 10 сарын турш би өдөр бүр биеийн хүчтэй өвдөлттэй байлаа. Өглөө сэрэхдээ нуруу маань өнөөдөр юу хийхийг зөвшөөрөх бол гэдгийг ч мэдэхгүй өдрүүдийг өнгөрөөсөн. Бүхий л амьдралынхаа турш хийж ирсэн шигээ хөдөлж, өрсөлдөж чадахгүй байх нь сэтгэл зүйн хувьд тун хүнд байсан” гэжээ.

Тэрбээр өөр олон төрлийн эмчилгээний арга туршиж үзсэний эцэст хагалгааг сонгосон байна. Теннисч Себастьян Корда түүнийг нурууны мэс засалч доктор Шираз Куреши болон түүний багтай холбож өгсөн бөгөөд тэд нурууны жийргэвч солих (disc replacement) мэс засал хийхээр шийджээ.

Руусувуори хамгийн сүүлд 2025 оны 11 дүгээр сард Италид болсон Challenger тэмцээнд Франческо Маэстреллид хожигдсоноос хойш тоглоогүй байсан юм. Нурууны бэртлийн улмаас тэрбээр хамгаалагдсан чансаагаараа бүртгүүлсэн ч Australian Open тэмцээнийг өнжсөн бөгөөд одоогоор дэлхийн чансаанд 900 орчим руу ухраад байна.

Ийм төрлийн мэс заслын дараа бүрэн эдгэрэхэд дунджаар гурваас зургаан сар шаардагддаг ч Руусувуори талбайд эргэн ирэх тодорхой хугацааг заагаагүй бөгөөд нөхөн сэргээх эмчилгээгээ алхам алхмаар хийнэ гэдгээ онцолжээ.