Дэлхийн алдартай хөгжмийн Billboard сэтгүүлийн зургаадугаар сарын “Top Movie Songs” буюу киноны шилдэг дууны жагсаалтыг Тейлор Свифтийн “I Knew It, I Knew You” дуу тэргүүлж байна. Энэхүү дуу нь зургаадугаар сарын 19-нд нээлтээ хийсэн “Toy Story 5” анимейшн киноны дуу юм.
Billboard-ын мэдээлснээр, Свифт уг дуугаа киноны нээлтээс хоёр долоо хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 5-нд олны хүртээл болгосон байна. Тус дуу нь Billboard Hot 100 чартыг хоёр долоо хоногийн турш тэргүүлээд байгаа бөгөөд зургаадугаар сард АНУ-д 73 сая удаа стримингээр сонсогдож, 89,000 ширхэг худалдаалагджээ.
Хэдийгээр домогт дуучин Майкл Жексоны намтарчилсан “Michael” киноны дуунууд энэ сарын жагсаалтын 10 байрын долоог нь эзэлж, хүчтэй өрсөлдөөн үзүүлж байгаа ч тэргүүн байрыг Свифтэд алдсан байна. Тодруулбал, Майкл Жексоны “Billie Jean” дуу жагсаалтын хоёрдугаар байрт бичигдлээ.
Зургаадугаар сарын жагсаалтын эхний 10 байрт “Michael” киноны дуунуудаас гадна The Chemical Brothers хамтлагийн “Apex” кинонд зориулсан “Go” дуу (8-р байр) болон Сиенна Спирогийн “The Devil Wears Prada 2” киноны “Material Lover” дуу (10-р байр) тус тус багтжээ. Энэхүү чартыг Tunefind компаниас гаргасан мэдээлэл болон Luminate-ийн борлуулалт, стриминг тоон үзүүлэлтэд үндэслэн гаргадаг байна.