Поп од Тейлор Свифт өөрийн амжилтын цуглуулгаа бас нэгэн онцгой шагналаар баяжуулахаар боллоо. CBS болон MTV-ээс мэдээлснээр, 36 настай дуучин 9 дүгээр сарын 27-нд болох 2026 оны MTV Video Music Awards (VMA) наадмаас анх удаа олгож буй Artist Director Honors шагналыг хүртэхээр болсон байна.
Хэвлэлийн мэдээнд дурдсанаар уг цоо шинэ шагнал нь дууны клипийн боломжийг тэлж, визуал түүх өгүүлэх урлагийг ахиулсан, мөн өөрийн гэсэн тодорхой найруулагчийн өнгө аясыг бий болгосон уран бүтээлчдийг алдаршуулах зорилготой аж.
Одоогоор нийт 30 ширхэг Moon Person шагналтай Тейлор Свифт нь 2020 онд "The Man" дууныхаа клипээр бие даасан найруулагчийн гараагаа эхлүүлж, тухайн жилийнхээ VMA-ээс шилдэг найруулгын шагналыг авч байв. Үүний дараа 2021 онд гарсан "All Too Well: The Short Film" бүтээл нь 2022 оны наадмаас оны шилдэг клип, шилдэг урт хэмжээний клип болон шилдэг найруулга төрөлд тус тус ялалт байгуулж байжээ. Тэрбээр VMA-ийн шилдэг найруулгын төрөлд нийт долоон удаа нэр дэвшиж, дөрөвт нь ялсан туршлагатай.
Энэ жилийн хувьд Свифт нийт 11 төрөлд нэр дэвшиж байгаа бөгөөд энэ нь 13 номинацитай Мадоннагийн дараа орох өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн энэ жилийн ёслолоор Nirvana хамтлаг Video Vanguard Award шагналыг хүртэх ажээ.
Рэппер Снуп Доггийн хөтлөн явуулах 2026 оны VMA наадам Лос-Анжелесын Peacock Theater-аас 9 дүгээр сарын 27-нд CBS, MTV сувгуудаар шууд цацагдах юм.