Поп од Тейлор Свифт Spotify платформ дээр 2026 оны нэг өдрийн сонсолтын шинэ дээд амжилтыг тогтоосон талаар Spotify баасан гарагт буюу 9 дүгээр сарын 25-нд албан ёсоор зарлалаа. Тэрбээр “The Life of a Showgirl: The Encore” цомогтоо дөрвөн шинэ бонус дуу нэмж гаргасан нь ийнхүү өндөр хандалт авахад нөлөөлжээ.
Эдгээр шинэ уран бүтээлийн гол дуу болох “Patient Zero” нь 2026 онд Spotify дээр нэг өдрийн дотор эмэгтэй уран бүтээлчийн хамгийн олон сонсогдсон дуу болсон байна. Түүнчлэн Тейлор Свифт өөрөө тус платформ дээр энэ онд нэг өдөрт хамгийн их сонсогдсон эмэгтэй уран бүтээлчээр тодорчээ. Шинэчилсэн өргөтгөсөн цомогт “Patient Zero”-оос гадна “Babylon”, “Pink Clouding”, “Cleveland!” зэрэг дуунууд багтсан юм.
Өмнө нь түүний “The Life of a Showgirl” цомог өнгөрсөн жил Billboard 200 жагсаалтыг 12 долоо хоногийн турш тэргүүлж, АНУ-д эхний долоо хоногтоо 4.002 сая цомгийн эквивалент нэгж (equivalent album units) цуглуулан дээд амжилт тогтоож байв.
Тейлор Свифт өөрийн найруулсан “Patient Zero” дууны клипийг 9 дүгээр сарын 27-ны ням гарагт болох MTV Video Music Awards (VMA) наадмын үеэр үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна. Тус клипэнд жүжигчин Колин Фаррелл, Дакота Жонсон нар тоглосон талаар тэрбээр өмнө нь богино танилцуулгаараа хуваалцсан билээ. Мөн тэрбээр 2026 оны VMA наадмаас анх удаа олгох “Artist Director Honors” шагналыг хүртэхээр болоод байна.