АНУ-ын Харилцаа холбооны комисс (FCC) телевизийн сувгуудын эзэмшлийн хязгаарлалтыг цуцлах төлөвлөгөөтэй байгаа нь улс төрийн хүрээнд маргаан дэгдээгээд байна. Тус улсын Төлөөлөгчдийн танхимын олонхын бүлгийн даргаар 2003-2005 онд ажиллаж байсан Том ДеЛэй энэ алхмыг хууль бус хэмээн мэдэгдлээ.
Том ДеЛэй “The Daily Wire” сайтад нийтлүүлсэн өгүүлэлдээ телевизийн нэг эзэмшигч АНУ-ын нийт айл өрхийн 39 хувиас дээш хүрээг хамарсан суваг эзэмшихийг хориглосон хуулийг батлалцаж байснаа дурджээ. Тэрээр энэхүү хязгаарлалт нь хуулиар тогтоогдсон бөгөөд үүнийг өөрчлөх эрх мэдэл нь зөвхөн АНУ-ын Конгресст байхаас биш, FCC-д байхгүй гэдгийг онцолсон байна.
FCC-ийн дарга Брендан Карр телевизийн сувгийн эзэмшлийн хязгаарлалтыг цуцлах төлөвлөгөөгөө зарласнаас хойш гурван долоо хоног ч хүрэхгүй хугацааны дараа ДеЛэй ийнхүү өөрийн байр сууриа илэрхийллээ. Хэдийгээр Том ДеЛэй энэ шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж анхааруулж байгаа ч FCC энэ долоо хоногт болох уулзалтаараа уг асуудлаар санал хураалт явуулахаар товлоод байна.