Одоогоос 74,000 жилийн өмнө Индонезийн Суматра арал дээр орших Тоба галт уулын тогоо дэлбэрч, хэдэн мянган шоо километр магмыг хоёр долоо хоногийн дотор гадагшлуулсан нь сүүлийн 2.6 сая жилийн хугацаанд тохиолдсон хамгийн том дэлбэрэлт гэж үздэг. Энэхүү үйл явдлыг 1991 онд болсон Пинатубо галт уулын дэлбэрэлтээс даруй мянга дахин их хүчтэй байсан хэмээн судлаачид онцолдог.
Эрт дээр үед хүмүүс энэхүү дэлбэрэлт нь дэлхийн уур амьсгалыг эрс хүйтрүүлж, улмаар бидний өвөг дээдсийн амьд үлдэх боломжийг хумисан гэж үздэг байв. Германы Майнц хотын Иоханнес Гутенбергийн их сургуулийн геологич Жинхым Парк болон түүний багийнхан энэхүү таамаглалыг шалгахаар Кени болон Танзани улсын хил дээрх жижиг тогоон нуурын ёроолоос авсан шавраас судалгаа хийжээ.
Судалгааны үр дүнгээр Тоба галт уулын дэлбэрэлтийн нөлөө хоёр жил хүрэхгүй хугацаанд үргэлжилж, дэлхийн дундаж температурыг ердөө хагас хэмээр л бууруулсан байх магадлалтай гэж гарчээ.
Дэлбэрэлтийн нөлөө яагаад бага байв?
Галт уул дэлбэрэх үед агаар мандалд хүхрийн давхар исэл ялгарч, энэ нь нарны гэрлийг сансрын уудам руу буцаан ойлгодог жижиг дусал бүхий манан үүсгэдэг. Илүү том дэлбэрэлтүүд илүү их хүхрийн давхар исэл ялгаруулж, илүү их хүйтрэл үүсгэх ёстой гэж үздэг ч энэ зарчим тодорхой хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд үйлчлэхээ больдог байна.
Энэ талаар Жинхым Парк тайлбарлахдаа: "Илүү том хэмжээний сульфатын аэрозолууд нь хүнд жинтэй байдаг тул хурдан тунаж унадаг" гэжээ. Ийнхүү хурдан тунах нь тэдгээр бодисыг нарны цацрагийг сарниулах чадваргүй болгодог байна.