Дуучин Трой Сиван удахгүй гаргах гэж буй “She’s the Best” цомгийнхоо хоёр дахь уран бүтээл болох “Party” дууг дүрс бичлэгийн хамт цацлаа. Түүний шинэ цомог аравдугаар сарын 9-нд гарах товтой байна.
Энэхүү бүжгийн электро хэмнэлтэй шинэ дуунд поп од Мадоннагийн Billboard Hot 100 чартыг тэргүүлж байсан алдарт “Music” дуунаас семпл ашиглажээ. “Party” уран бүтээлийг Трой Сиван, түүний дүү Тайди Леви, Лиланд, Роб Фехер, Кэлин Бер, Эльвира Андерфьярд, Туве Бурман болон Лука Клозер нар хамтран бичиж, Тайди Леви, Роб Фехер, Кэлин Бер болон Сиван нар продюсерлэсэн байна.
Дууны клипийг найруулагч Гордон фон Штайнер Английн Беркли дэх шилтгээнд хийжээ. Тэрээр өмнө нь Сиваны “Rush”, “One of Your Girls”, “Got Me Started” зэрэг дууны дүрс бичлэгийг найруулж байсан бөгөөд “Rush” клипээрээ Грэммийн шагналд хамт нэр дэвшиж байсан юм. Бүжгийн хөдөлгөөн ихтэй шинэ клипэнд Трой Сиван дундад зууны үеийн төмөр хуягт хөлөг баатрын дүрээр гардаг.
Мөн жүжигчин Сэр Иэн Маккеллен клипний эхлэл хэсгийн хүүрнэлийг дуу оруулжээ. Тэд анх Сиваныг 14 настай байхад Перт хотод тавигдсан “Waiting for Godot” жүжигт хамтран ажиллаж байсан түүхтэй юм.