Хип хопын домогт төлөөлөгч Тупак Шакур 1996 онд буудуулан нас барсан хэрэгт буруутгагдсан Дуэйн “Keffe D” Дэвис ял сонссоныхоо дараа анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Өдгөө 63 настай тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа бөгөөд шоронгоос суллагдана гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Даваа гарагт (9-р сарын 1) Лас Вегасын тангарагтны шүүх Дэвисийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт гэм буруутай гэж шийдвэрлэсэн юм. Энэ нь 30 шахам жилийн өмнөх уг аллагын хэрэгт холбогдуулан гаргасан анхны ялын шийдвэр болжээ. Тангарагтны шүүгчид шийдвэрээ гаргахад ердөө гурван цаг зарцуулсан байна. Прокуроруудын зүгээс түүнийг ач дүү болон репперийн хүрээллийнхний хооронд гарсан зодооны өшөөг авах зорилгоор машин дотроос буудах ажиллагааг зохион байгуулсан гэж буруутгасан аж.

Невада мужийн Кларк тойргийн хорих ангиас The Hollywood Reporter хэвлэлд өгсөн ярилцлагадаа Дэвис: “Би санаа зовохгүй байна. Би давж заалдаад суллагдана. Тэд миний иргэний эрхийг зөрчсөн” хэмээн ярьжээ. Мөн шүүх хуралд гол нотлох баримт болсон өөрийнх нь 2019 оны “Compton Street Legend” намтар номыг буруугаар ашигласан гэж буруутгасан байна. Тэрбээр уг номыг өөрөө бичээгүй, уншиж ч байгаагүй төдийгүй нүүрэн дээр нь нэрийг нь хүртэл буруу бичсэн байсан гэж тайлбарлав.

Түүнчлэн Дэвис шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн Холбооны мөрдөх товчооны ажилтнууд болон цагдаа нарыг худал ярьсан гэж мэдэгдсэн юм. Тэрбээр өөрийгөө алуурчин биш, сайн хүн хэмээгээд Puff түүнд нэг сая доллар санал болгоогүй гэж нэмж хэлжээ. Түүний өмгөөлөгч Майкл Санфт NBC News сувагт өгсөн мэдээлэлдээ уг шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгааг баталсан байна.