Хип хоп хөгжмийн домог Тупак Шакурыг 1996 онд буудан хөнөөсөн хэрэг нь Америкийн соёлын түүхэн дэх хамгийн нууцлаг хэргүүдийн нэг байсаар ирсэн билээ. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдуулан Дуэйн «Кеффе Ди» Дэвис гэгчийг 2023 оны есдүгээр сард баривчилж, санаатайгаар хүн амины хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан юм.

Гурван жил үргэлжилсэн хуулийн ажиллагааны дараа ирэх даваа гарагт Лас Вегасын шүүх танхимд тангарагтны шүүгчдийг сонгох ажиллагаа эхлэх гэж байна. Шүүх хурал нийт дөрвөн долоо хоногоос доошгүй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 63 настай Дэвис насаараа хоригдох ял авах магадлалтай юм.

Хэрэг явдал 1996 оны есдүгээр сарын 7-ны шөнө Лас Вегаст болсон боксчин Майк Тайсоны тулааны дараа гарчээ. Тупак Шакур «Death Row Records»-ийн захирал Сүж Найтын хамт автомашинд явж байх үед цагаан өнгийн Кадиллак машин хажууд нь ирж, арын суудлаас гал нээснээр дуучин дөрвөн удаа буудуулж, зургаан өдрийн дараа нас барсан юм.

Тухайн үед хип хоп ертөнцөд Зүүн болон Баруун эргийн рэпперүүдийн хооронд ширүүн тэмцэл өрнөж байсан бөгөөд энэ үйл явдлын дараахан Тупакийн найз, өрсөлдөгч «Notorious B.I.G» мөн буудуулж амиа алдсан нь олон нийтийг цочроож байв.

Олон жилийн турш таамаг төдий байсан энэ хэрэг 2018 оноос эхлэн Дэвисийн өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдээр шинэ эргэлт авсан байна. Дэвис 2019 онд хэвлүүлсэн «Compton Street Legend» ном болон бусад ярилцлагадаа хэрэг гардаг шөнө тухайн машинд сууж явснаа болон ашиглагдсан гар бууг олж авснаа хүлээн зөвшөөрч байжээ. Тэрээр үүнийг Лос-Анжелесийн дээрэмчдийн бүлэглэлүүдийн хоорондох дайнтай холбон тайлбарласан байдаг.

Гэвч өдгөө Дэвис өмнөх мэдүүлгээсээ буцаж, «Би Невадад байгаагүй» хэмээн өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр байна.