Грэммийн 14 удаагийн шагналт дуучин Тэйлор Свифт Даваа гарагийн үдэш (10-р сарын 26) Нашвиллийн хөгжмийн төвд (Music City Center) зохион байгуулагдсан 56 дахь удаагийн жилийн наадмын үеэр Нашвиллийн дуу зохиогчдын алдрын танхимд (Nashville Songwriters Hall of Fame) хүндэтгэлтэйгээр залагдлаа. Түүнийг тайзнаа дуучин Брэд Пейсли танилцуулан алдрын танхимд өргөмжилсөн байна.

Тэйлор Свифт талархлын үг хэлэхдээ өөрийн дуу зохиогчийн гарааг чиглүүлж өгсөн хамтран зүтгэгчид болон хэвлэн нийтлэгчдийг дурсав. Тэрээр дуу зохиох хүсэл эрмэлзэл, Нашвилл хот болон алдар нэр хэрхэн холбогддог талаар онцолж, 14 настайдаа хэвлэлийн гэрээ (publishing deal) байгуулж, өдөр бүр дуу бичдэг байсан үеэ эргэн санажээ.

Тэрээр 2005 оны 12-р сарын нэгэн дурсамжаа хуваалцахдаа, ээж нь түүнийг Hendersonville ахлах сургуулиас нь авч, жижиг Craftsman хэв маягийн байшинд байрладаг Jody Williams Music хэмээх бие даасан хөгжмийн хэвлэлийн газар руу хүргэдэг байсныг дурдсан юм. Тэнд өсвөр насны охин байхдаа дээд давхрын улаан өнгөтэй өрөөнд дуу зохиогч Лиз Роузтай (Liz Rose) хамтран ажилладаг байжээ.

Свифт Нашвиллийн дуу зохиогчдын хүрээлэл түүнийг бүтээлч чадварт сургаж, төлөвшүүлж өгснийг цохон тэмдэглэсэн байна.