НҮБ-ын Хүний эрхийн газраас Украин дахь нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл гаргалаа. Мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө Оросын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэр рүү баллистик пуужин болон алсын тусгалт дроноор хүчтэй довтолсон байна.

Энэхүү халдлагын улмаас 17 энгийн иргэн амиа алджээ. Хохирогчдын дийлэнх нь Киевийн ойр орчмын бүс нутагт байсан хүмүүс байна. Түүнчлэн халдлагын үеэр 44 хүн гэмтэж бэртсэн гэдгийг НҮБ-ын тайланд дурджээ.

Украины энгийн иргэдийн хувьд сүүлийн нэг сарын хугацаа маш хүнд, үхэл хагацал ихтэй үе болж байгааг тус байгууллагаас онцолсон байна. Оросын тал агаарын довтолгооны эрчээ ийнхүү нэмэгдүүлж байгаа нь иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсаар байна.