Дэлхийн алдарт Genesis хамтлагийн гишүүн, домогт дуучин, бөмбөрчин Фил Коллинз архины хамаарлын улмаас эрүүл мэндийн ноцтой хүндрэлд орж, амьдралынхаа хамгийн хүнд үеийг туулснаа "The Sunday Times" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Коллинз өнгөрсөн дөрөвдүгээр сард Швейцарь улсад эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ үед түүний биеийн байдал маш хүнд, бөөр болон бусад эрхтэнүүд нь ажиллагаагүй болж эхэлсэн тул эмч нар болон түүний менежер гэр бүлийнхнийг нь дуудаж, амь тэтгэх аппаратыг үргэлжлүүлэх эсэх талаар шийдвэр гаргахыг хүсэж байжээ. Тэрээр тухайн үед ухаангүй байсан тул ойр дотнынхон нь түүнтэй салах ёс хийхээр ирж байсныг санахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ талаар "Бүх зүйл маш муугаар эргэх боломжтой байсан" хэмээн ярьжээ.
Түүний хувьд өмнө нь 2012 онд нойр булчирхайн үрэвслийн улмаас эрчимт эмчилгээнд орж байсан бөгөөд тухайн үедээ архинаас гарч байсан ч дахин хамааралд орсон байна. Тэрээр өглөө бүр дарс уудаг байсан ч өөрийгөө асуудалтай гэдгээ төдийлөн мэдэрдэггүй байснаа хүлээн зөвшөөрчээ. 2023 оны арваннэгдүгээр сард эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа дахин эрчимт эмчилгээний тасагт долоон сар хэвтсэн бөгөөд үүнээс хойш дахин архи амсаагүй гэдгээ мэдэгдсэн байна.
Уран бүтээл болон харилцаа
Фил Коллинз мэдрэлийн гэмтэл болон өвдөг, нурууны олон удаагийн хагалгааны улмаас бөмбөр тоглох боломжгүй болсон бөгөөд 2022 онд Genesis хамтлагийн хамтаар сүүлийн тоглолтоо хийжээ. Түүнчлэн тэрээр алдарт дуучин Пол Маккартнитай үүсээд байсан таагүй харилцаагаа хэрхэн зассан талаар ярьсан байна. Тэд буяны дуудлага худалдааны ажил болон захидлаар дамжуулан ойлголцолд хүрсэн бөгөөд одоо харилцаа нь эргэн хэвийн болжээ.
Тэрээр ирэх арваннэгдүгээр сард Рок-н-роллын алдрын танхимд гоцлол дуучны хувиар албан ёсоор бүртгэгдэх гэж байна. Өмнө нь тэрээр 2010 онд Genesis хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм.