АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд (Ford) компани армитай хамтран ажилласан 109 жилийн түүх болон NASCAR дахь 78 жилийн өв соёлоо тохиолдуулан 11 дүгээр сарын 11-нд Дейтона хотноо анхны “Proud to Honor Veterans Day Classic” үзүүлэх уралдааныг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Форд компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли “Бид бол гэр бүлийн компани; бид бол Америкийн автомашины компани. Манай улсын хүч чадал нь эдийн засаг, ард түмэн, ялангуяа цэргийн алба хаагчдын гэр бүлүүдэд оршдог” хэмээн мэдэгдсэн юм. Тус уралдаанд АНУ-ын Зэвсэгт хүчний зургаан салбарыг (Хуурай замын цэрэг, Тэнгисийн явган цэрэг, Тэнгисийн цэрэг, Агаарын хүчин, Сансрын хүчин, Эргийн хамгаалалт) төлөөлсөн зургаан баг өрсөлджээ.

Баг бүр тусгайлан зассан цэргийн сэдэвтэй Ford Mustang Dark Horse R загварын машинаар уралдсан бөгөөд нийт 12 нисгэгч оролцсон байна. Тэдний дунд Остин Синдрик, Жоуи Логано, Брэд Кеселовски, Райан Прис, Ноа Грэгсон, Лэйн Риггс, Фрэнки Муниз, Тай Мажески болон Формула-1-ийн тамирчин асан Логан Саржант, Жоуи Ханд, Роберт Ноакер, Бен Хобсон нар багтжээ. 15 минутын сонгон шалгаруулалт, 30 минутын үндсэн уралдааны эцэст Агаарын хүчний багийг төлөөлсөн Остин Синдрик ялалт байгуулсан юм.

Уралдааны тасалбарын орлогын тал хувийг цэргийн гэр бүлүүдийг дэмждэг “Blue Star Families” байгууллагад хандивлаж, нийт хандивыг цэрэг болон ахмад дайчдыг дэмжих зургаан байгууллагад тусалдаг “Proud to Honor” санд шилжүүлсэн байна. Түүнчлэн ахмад дайчдын гэр бүлд 1,000 ширхэг үнэгүй тасалбар олгожээ. Мөн арга хэмжээний үеэр Zac Brown Band, рэппер Нелли, Расселл Дикерсон, Жо Ди Мессина, Бриттни Спенсер, Уоррен Зайдерс нарын уран бүтээлчид тоглолтоо толилуулсан байна.

Энэ үеэр Жим Фарли ирэх жил NASCAR Cup Series-д анхны уралдаанаа хийх шинэ 2027 оны Ford Mustang Dark Horse SC замын загварын машиныг жолоодон халаалтын тойрогт оролцжээ. Форд компани 11 дүгээр сарын 11-ний үзүүлэх тоглолтын үеэр уг замын загвараас санаа авсан NASCAR Cup Series хувилбараа танилцуулсан байна. Энэхүү Cup Series хувилбар нь аэродинамик болон даралтын хүчийг сайжруулах зорилгоор шинэ, илүү догшин загвартай урд хошуутай болж шинэчлэгдсэнээрээ онцлогтой юм.