Франц улсад энэ онд тохиосон хэт халалтын давалгаануудын үеэр нийт 7,300 гаруй илүүдэл нас баралт бүртгэгдсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллага Лхагва гарагт мэдээллээ. Тус улс энэ зун түүхэнд байгаагүй хэт халуун өдрүүдийг туулж байна.
Agence France-Presse (AFP) агентлагийн хийсэн шинжилгээнээс үзвэл, Франц улсад өнгөрсөн зургаадугаар сарын дундаас хойш хамгийн олон халуун өдөр бүртгэгдсэн дээд үзүүлэлт тогтоогджээ.
Дараалсан гурван том халалтын давалгаа
Энэ зун тус улсыг дараалсан гурван том халалтын давалгаа дайрч өнгөрсөн байна. Тодруулбал, зургаадугаар сард 14 хоног, долоодугаар сард 16 хоног үргэлжилсэн халалт болсон бол долоодугаар сарын сүүлчээр эхэлсэн гурав дахь давалгаа 22 хоног үргэлжилжээ.
Эдгээр дараалсан хэт халалтын улмаас Франц улс түүхэн дэх хамгийн халуун зунуудын нэгийг даван туулж байгаа бөгөөд сүүлийн халалтын давалгаа Мягмар гарагийн байдлаар албан ёсоор дууссан гэж зарлагдаагүй байсан юм.