Францын нэрт электрон хөгжмийн уран бүтээлч Жан-Мишель Жарр хөгжмийн томоохон компани болох BMG-тэй байгуулсан түншлэлээ өргөжүүлж, өөрийн дуу бичлэгийн каталог болон ирээдүйн уран бүтээлүүдээ багтаахаар болжээ. Шинэ тохиролцооны дагуу түүний бичлэгийн каталогийг BMG компани олон улсын бүс нутгуудад онцгой эрхтэйгээр лицензлэн төлөөлөх юм.
BMG компани өмнө нь 2012 онд «Francis Dreyfus Music» бие даасан лейблийг худалдаж авахдаа Жаррын эхний гурван цомгийн дуу бичлэгийн эрхийг авч байв. Улмаар 2022 онд түүний хөгжмийн хэвлэлийн сан, тэр дундаа «Oxygene», «Équinoxe» зэрэг бүтээлүүд болон зохиогчийн орлогын урсгалыг худалдан авсан бөгөөд энэ нь BMG-ийн Францад хийсэн хамгийн том дан гэрээ гэж тооцогддог байна. Энэ долоо хоногт зарласан шинэ гэрээ нь эдгээр өмнөх хамтын ажиллагаа дээр суурилж байгаа аж.
Өдгөө 78 настай Жан-Мишель Жарр нь электрон хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг бөгөөд нийт 22 цомог гаргаж, цомгийн борлуулалт нь 85 саяас давжээ. Тэрээр 1981 онд Хятадад тоглолтоо хийсэн анхны өрнөдийн хөгжимчин болж байв. Мөн 2021 онд Францын төрийн дээд шагнал болох «Хүндэт легионы командлагч» цолоор шагнуулсан бөгөөд уг шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Эммануэль Макрон биечлэн оролцож байжээ.
Түүний анхны «Oxygene» цомгийн 50 жилийн ой тохиож байгаа энэ үед уран бүтээлч завгүй хэвээр байна. Тэрээр аравдугаар сард болох «Amsterdam Dance Event»-ийн 30 дахь удаагийн арга хэмжээний хүндэт зочноор оролцож, нээлтийн тоглолтоо толилуулахаас гадна электрон хөгжмийн хувьслыг өгүүлсэн «Machines by Jean-Michel Jarre: A History of Electronic Music» номоо Thames & Hudson-ээр дамжуулан худалдаанд гаргахаар төлөвлөжээ.