Францын засгийн газар сурагчдын эсэргүүцлийн жагсаалыг тараах, хяналтад авах үйл ажиллагаандаа цочроогч гранат (stun grenade) ашиглахыг түр зогсоож байгаагаа Лхагва гарагт мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь цагдаа нартай мөргөлдөх үеэр 15 настай хүүгийн гар тасарч бэртсэн ноцтой хэрэг гарсантай холбоотой юм. Тус явдлын дараа жагсагчид цагдаагийн байгууллагыг хэт хүч хэрэглэсэн хэмээн буруутгаж, шүүмжлэл эрс нэмэгдсэн байна.

Улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бөгөөд үүний улмаас 500 гаруй сургууль хаагдаад байна. Одоогоор жагсаал намжих шинжгүй байгаа бөгөөд ахлах ангийн сурагчид, багш нар болон бусад ажилчдыг төлөөлсөн үйлдвэрчний эвлэлүүд Пүрэв гарагт дахин олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байна.