Домогт Queen хамтлагийн гоцлол дуучин агсан Фредди Меркьюригийн уран бүтээл туурвих арга барил, хувийн ертөнцийг харуулсан “A Life in Lyrics: The Official Creative Legacy of Freddie Mercury” ном 2026 оны есдүгээр сарын 1-нд хэвлэгдэн гарчээ. 1991 онд таалал төгссөн дуучны уран бүтээлийн энэхүү өвийг түүний хуучин сүйт бүсгүй бөгөөд насан туршийн анд Мэри Остины хадгалж үлдсэн материалуудад тулгуурлан эмхэтгэсэн байна.

Номд түүний “Queen”-ээс өмнөх үеэс эхлээд бие даасан уран бүтээл туурвиж байх үеийн гар бичмэлүүд, ноорог санаанууд, ашиглагдаагүй бадаг мөрүүд болон дүрслэх тэмдэглэлүүдийг нэгтгэжээ. Мөн хувийн гэрэл зургууд, дурсамж дурдатгалуудаас гадна студид бичигдэж амжаагүй бүрэн дуунууд ч багтсан байна.

“Bohemian Rhapsody” хэрхэн бүтэв?

Архивын материалууд дунд алдарт “Bohemian Rhapsody” дууны эхэн үеийн хувилбарууд болон “Don’t Stop Me Now”-той холбоотой хэд хэдэн ноорог багтжээ. Меркьюри “Bohemian Rhapsody”-ийн санааг “Queen” бичихээс олон жилийн өмнө буюу 1960-аад оны сүүлчээс эхлэн боловсруулж байсан бөгөөд утасны дэвтэр, цаасны тасархайнууд дээр бичиж байсан аж. Тэр үед энэ санаагаа “The Cowboy Song” гэж нэрлэж байсан байна.

Уг номд дурдсанаар “Mama just killed a man” гэх мөрийг тэрээр Илингийн урлагийн коллежид оюутан байхдаа бичсэн бөгөөд тохирох дуунд ашиглахаар олон жил хадгалжээ. Меркьюри дууны үгээ зориуд нээлттэй үлдээсэн бол түүний зарим найзууд энэ мөрийг хуучин төрх, бие хүнээ үлдээж буйг илэрхийлсэн далд утгатай гэж харж байв.

Хувилбарууд ба “Killer Queen”

Энэхүү ном нь энгийн хатуу хавтастай, цахим болон сонсдог номын хэлбэрээс гадна цуглуулагчдад зориулсан тусгай “Deluxe” хувилбараар хэвлэгдсэн байна. Тусгай хувилбарт “Bohemian Rhapsody”-ийн эхний бадгийг Меркьюригийн өөрийнх нь гараар бичсэн хайрцаг, нэмэлт архив, гэрэл зургууд багтжээ.

Номын хавтсанд Меркьюригийн гараар бичсэн “Killer Queen” дууны эхлэл үгс орсон байна. Дотор талын хуудсанд уг дууны эхний үгсийн эргэн тойронд сараачсан зураг, тэмдэглэлүүд байх бөгөөд доод хэсэгт нь “Do you wanna try” гэсэн сүүлд нэмж бичсэн бололтой тэмдэглэгээ байгаа нь дууны үндсэн бичвэр бэлэн болсны дараа ч засварлахад нээлттэй байсныг илтгэж байна.