АНУ-ын Billboard Hot 100 хөгжмийн жагсаалтад Халловин болон Зул сарын баярын дуунууд зэрэг байр сууриа эзэлж, баярын улирлын уур амьсгалыг авчирлаа. Luminate байгууллагын 10-р сарын 30-наас 11-р сарын 5-ны хоорондох дата мэдээлэлд үндэслэсэн 11-р сарын 14-ний өдрийн чартад аймшгийн болон шинэ жилийн сонгодог бүтээлүүд огцом өсөлт үзүүлжээ.
Эдгээрээс поп хаан Майкл Жексоны "Thriller" дуу чартын 2-р байр луу дэвшиж, анх чартад орсноос хойш 42 гаруй жилийн дараа шинэ дээд амжилтаа тогтоолоо. Тус уран бүтээл өмнө нь 1984 оны 3-р сард 4-р байранд хүрч байсан түүхтэй. "Thriller" өнгөрсөн долоо хоногт 17.4 сая хандалт (87% өссөн), радиогийн 11.3 сая сонсогч (172% өссөн) цуглуулж, 4,000 хувь борлогдсон байна.
Үүнээс гадна Tame Impala болон JENNIE нарын хамтарсан "Dracula" дуу 3-р байрт бичигдэн Radio Songs жагсаалтыг найм дахь долоо хоногтоо тэргүүлэв. Мөн Ray Parker Jr.-ийн "Ghostbusters" 12-р байрт, Bobby "Boris" Pickett ба The Crypt-Kickers нарын "Monster Mash" 13-р байрт, Майкл Жексоны хоолой багтсан Rockwell-ийн "Somebody’s Watching Me" 14-р байрт, The Nightmare Before Christmas киноны "This Is Halloween" 21-р байрт, Andrew Gold-ийн "Spooky, Scary Skeletons" ремикс 35-р байрт тус тус орсон байна.
Халловины уур амьсгалтай зэрэгцэн өвлийн баярын дуунууд ч эртнээс жагсаалтад эргэн ирлээ. Wham! хамтлагийн "Last Christmas" дуу 7.4 сая хандалт авч 37-р байрт орсон бол Мэрая Кэригийн "All I Want for Christmas Is You" дуу 7.1 сая хандалттайгаар 39-р байрт бичигджээ.