Хөгжмийн салбарт бие даасан, хараат бус (indie) уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр ажилладаг UnitedMasters компани удирдлагын багтаа дөрвөн шинэ мэргэжилтнийг томилж, хүчээ зузаатгаснаа Даваа гарагт (8-р сарын 10) албан ёсоор зарлалаа. Энэхүү томилгоо нь тус компани дэлхийн хөгжмийн салбарт томоохон амжилтууд гаргаж буй үетэй давхцаж байгаагаараа онцлог юм.

Компанийн уран бүтээлч болон лейблийн маркетингийн хэлтсийн дэд ерөнхийлөгчөөр Тодд Л. Перри II (Todd L. Perry II) томилогджээ. Тэрээр өмнө нь Warner Records-т ижил албан тушаал хашиж байсан туршлагатай бөгөөд UnitedMasters-т ирснээр тус компанийн маркетингийн бүтцийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж, хараат бус уран бүтээлчдийг дэлхийн хэмжээнд гаргахад анхаарч ажиллах юм байна.

Брэнд болон синхрончлол (sync) хариуцсан захирлаар Лука Занелло (Luca Zanello) томилогдсон байна. Тэрээр The Orchard, Roc Nation зэрэг байгууллагуудад 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд уран бүтээлчдэд зориулж сурталчилгаа, кино, телевиз, тоглоом болон дэлхийн брэндүүдтэй хамтрах арилжааны шинэ боломжуудыг нээх үүрэг хүлээжээ.

Харин худалдааны салбарыг Голди Харрис (Goldie Harris) удирдах бөгөөд тэрээр уран бүтээлчдийн орлогыг нэмэгдүүлэх, шүтэн бишрэгчидтэй шууд харилцах санаачилгуудыг хөгжүүлэх дэлхийн хэмжээний худалдааны стратегийг хариуцна. Мөн уран бүтээлч болон лейблийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Universal Music Group болон Def Jam-д ажиллаж байсан Жэйсон Пийрлесс (Jason Peerless) томилогдов.

UnitedMasters компанийн гүйцэтгэх захирал Стив Стаут (Steve Stoute) энэхүү шийдвэрийг уран бүтээлчид өөрсдийн нөхцөлөөр тогтвортой карьер бүтээхэд шаардлагатай дэд бүтэц, түншлэл болон авьяас чадварт оруулж буй хөрөнгө оруулалт хэмээн тайлбарлажээ.

Tус компани сүүлийн үед чартуудад өндөр амжилт үзүүлж байгаа юм. Тухайлбал, Brent Faiyaz-ийн шинэ уран бүтээл болох «ICON» цомог Billboard-ын R&B цомгийн чартыг тэргүүлж, Billboard 200 чартын 6-р байранд орсон нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт болоод байна. Мөн BigXthaPlug-ийн «I Hope You’re Happy» цомог алтан гэрчилгээ, түүний хэд хэдэн синглүүд платинум болон хоёр дахин платинум гэрчилгээ авсан бол FloyyMenor-ийн «GATA ONLY» дуу дөрвөн удаа платинум гэрчилгээний болзол хангажээ.