Британийн поп од Харри Стайлс өөрийн “Together, Together” аялан тоглолтын хүрээнд Мексикийн нийслэл Мехико хотын GNP Seguros цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо эхлүүллээ. Долдугаар сарын 31-нд болсон уг тоглолтыг 68,000 гаруй хүн үзэж сонирхсон байна.
Дуучин залуу 120 минутын турш “As It Was”, “Watermelon Sugar”, “Sign of the Times” зэрэг алдартай дуунуудаасаа гадна “Kiss All The Time. The Disco, Occasionally” цомгийнхоо дуунуудаас үзэгчдэд хүргэжээ. Энэхүү тоглолтын цуврал нь нийт зургаан өдөр үргэлжлэх бөгөөд дараагийн тоглолтууд наймдугаар сарын 1, 4, 7, 8 болон 10-ны өдрүүдэд болох юм.
Харри Стайлс Мексикийн ард түмний халуун дотно хүлээж авсанд талархал илэрхийлж, Мексикт ирсэн нь өөрийнх нь хувьд завшаан хэмээн онцолжээ. Тэрээр тоглолтын үеэр испани хэлээр ярьж, Мексикийн төрийн далбааг мандуулж, хамтлагийн гишүүнийхээ төрсөн өдөрт зориулан үзэгчидтэй хамт “Las Mañanitas” дууг дуулсан байна. Түүнийг тоглолтын өмнө Мехико хотын гудамжаар зугаалж, Чапультепек цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн дасгал хийж явааг үзэгчид дүрс бичлэгээр хуваалцсан юм.
Мехико хотын Худалдааны танхимын (Canaco) мэдээлснээр, энэхүү зургаан өдрийн тоглолт нь тус хотын эдийн засагт 145-171 сая долларын үр өгөөж авчирна гэсэн тооцоо гарчээ. Харри Стайлсын энэ удаагийн аялан тоглолтын нээлтийн үзүүлбэрийг Британийн дуучин Жоржа Смит гүйцэтгэж байна.