Британийн алдарт дуучин, поп од Харри Стайлс Мехико хотын GNP Seguros цэнгэлдэх хүрээлэнд хийж буй тоглолтынхоо хоёр дахь өдөр тайзан дээр бүдэрч унасан явдал гарлаа. Тэрээр “Are You Listening Yet?” дуугаа дуулж байх үедээ бороонд норж, гулгаатай болсон тайзан дээр хөл алдан унасан байна.
Гэсэн хэдий ч дуучин залуу сандралгүйгээр шууд шалан дээрээс дуугаа үргэлжлүүлэн дуулж, мэргэжлийн ур чадвараа харуулжээ. Тоглолтын дараа тэрээр 68,000 үзэгчиддээ хандан испани хэлээр “¡Viva México!” хэмээн мэндчилж, талархлаа илэрхийлсэн байна. “Бүгд зүгээр биз дээ? Энэ бол зүгээр л хөлс шиг зүйл. Та бүхэн бороог давж гарлаа. Энд байгаад тань маш их баярлалаа” хэмээн үзэгчдээ тайвшруулжээ.
Тухайн өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас тоглолтын хуваарьт өөрчлөлт орж, аюулгүй байдлын үүднээс тоглолтыг түр хойшлуулахад хүрсэн байна. Үүний улмаас тоглолтыг нээж дуулах ёстой байсан Британийн дуучин Жоржа Смит тайзан дээр гарч чадаагүй аж. Мөн цэнгэлдэхийн задгай хэсэгт байсан олон зуун үзэгчид хоргодох байр хайхад хүрсэн ч орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр томоохон осол гаралгүй өнгөрчээ.
Харри Стайлс Мехико хотод нийт зургаан удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд түүний энэхүү цуврал тоглолт үргэлжилсээр байна. Мехико хот нь 2026 онд түүний тоглолтоо хийхээр сонгосон дэлхийн долоон хотын нэг бөгөөд тус бүс нутагтаа хамгийн олон тоглолт зохион байгуулж буй хот юм.