Их Британийн алдарт дуучин, One Direction хамтлагийн гишүүн асан Харри Стайлс Нью-Йорк хотын Madison Square Garden ордонд хийж буй дараалсан 30 тоглолтынхоо эхний өдөр кантри хөгжмийн домог Долли Партонд хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр тайзан дээрээс хамтлагийнхандаа талархал илэрхийлж, он удаан жил өөрт нь урам зориг өгсөн хөгжимчдөд, тухайлбал Долли Партонд тусгайлан баярласнаа хэлсэн юм. Улмаар ордны чанга яригчаар Партоны 1974 онд гаргасан алдарт “I Will Always Love You” дууны эх бичлэгийн хоёр бадаг, дахилтыг тоглуулж, цугласан үзэгчдийг хамтран дуулахыг хүсжээ. Үүний дараа тус дуу намдаж, түүний бие даасан уран бүтээл болох “Sign Of The Times” дуугаар үргэлжилсэн байна.
Кантри хөгжмийн бүх цаг үеийн хамгийн агуу уран бүтээлчдийн нэгд тооцогддог, Рок-н-роллын болон Кантри хөгжмийн алдрын танхимын гишүүн Долли Партон 80 насандаа таалал төгссөн билээ. Тэрээр амьдралынхаа туршид 3,000 гаруй дуу зохиож, Billboard-ийн Hot Country Songs жагсаалтыг 25 удаа тэргүүлснээс гадна тус сэтгүүлээс бүх цаг үеийн шилдэг кантри уран бүтээлчээр нэрлэгдэж байв. Мөн тэрээр хүүхдүүдэд ном илгээдэг Imagination Library хөтөлбөр хэрэгжүүлж, Dollywood паркийг хамтран эзэмшдэг байсан юм. Түүнчлэн түүний менежер асан Сэнди Галлинтайгаа хамтран эзэмшиж байсан Sandollar Productions компани нь "Buffy the Vampire Slayer", "Father of the Bride", "Sabrina" зэрэг олон бүтээлийг үйлдвэрлэн гаргаж байжээ.
Энэхүү тоглолт нь Харри Стайлсын одоогийн аялан тоглолтын АНУ дахь цорын ганц зогсоол бөгөөд тэрээр өмнө нь Амстердам, Лондон, Сан-Паулу, Мехико зэрэг хотуудад нийт 31 тоглолт хийсэн байна.